Энэтхэг Улс хөрш орнуудынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцож ирсэн. Тухайлбал Шри Ланка, Мальдив, Бангладеш, Балба, Бутан зэрэг улс орнуудын дотоод хэрэгт Энэтхэгийн оролцоо их бөгөөд энэ нь тухайн бүс нутагт өөрсдийн нөлөөгөө бэхжүүлэхээр хичээж ирсэний баталгаа. Гэсэн хэдий ч энэ нь хил залгаа орнуудаар нь зогсохгүй, Энэтхэгийн хойгоос алслагдмал, Орос, Хятадын хооронд шахагдсан далайд гарцгүй Монгол Улсад Энэтхэг нөлөөллөө тогтоохоор хичээж байгаа талаар “Pakistan today” хэвлэлд мэдээлжээ.
Уг нийтлэлд, Монголын шашны үйл хэрэгт Энэтхэг улс хөндлөнгөөс оролцохыг хичээж байна. Энэтхэгийн захиалгаар Далай лам Монгол хүүг 10 дахь Жавзандамба хутагт хэмээн өлгийдөж авсан нь Түвдийн Буддизмыг ихээхэн цочирдуулсан. Шинэ Делигийн бодлого тодорхойлогчид 10-р Богдыг сонгохдоо Энэтхэг улс Монгол дахь нөлөөгөө улам өргөжүүлж, Хятад, Орос хоёрыг тогтворгүй болгож чадна гэж үзэж байна.
Ялангуяа 10-р Богд Жавзандамба хутагтыг тодруулах, сургахад Энэтхэг улс оролцож байгаа нь Монгол Улсын дотоод хэрэгт хэт халдаж байгаа хэрэг.
Мөн Далай лам 10 дахь хувилгааныг хүлээн зөвшөөрсөн нь Энэтхэг Улс Монголын шашны салбарт нөлөөллөө тогтоохыг хичээж буйн илрэл. Түүнчлэн Далай лам нар Богд Жавзандамба хутагтыг 16-р зууны үеийн Төвөдийн Жо бурханы эзэн Таранатагийн хувилгаан мөн гэж эртнээс мэдэгдсээр ирсэн. Гэтэл Төвдөөс бус Монголоос 10-р Богд төрсөн нь ихээхэн гайхшрал төрүүлж байгаа аж. Жавзандамба хутагтыг сонгон шалгаруулах нь гадны нөлөөллөөс ангид байж, Монголын ёс заншил, шашны зан үйлтэй нийцүүлэхийн тулд дотоод асуудал хэвээр байх ёстой гэжээ.
Эх сурвалж: Pakistan news