Одоогоос 26 жилийн өмнөх эл өдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан холбооны анхны зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амиа насаа алдсан билээ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл өдөртэй холбоотойгоор өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж, залуусыг С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой хэмээн уриалжээ.
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ "Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ. Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ. Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг. Залуусаа С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой. Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна. Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд Та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй" хэмээжээ.