Иргэний Зориг Ногоон Намынхан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөнд өнөөдөр /2024.10.02/ цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Иргэний Зориг Ногоон Намынхан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөнд өнөөдөр /2024.10.02/ цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Батын Батбаатар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг байгуулах хүсэлтийг намрын чуулган дөнгөж эхэлмэгц гаргаснаа бүрэн эхээр нь уншиж танилцуулав.
Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Батбаатар “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэг одоог хүртэл 26 жилийн хугацаанд илрээгүй байна. Энэхүү хэрэг илрээгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “хууль дээдлэх”, “шударга ёсны зарчим” ноцтойгоор зөрчигдөж байгаа төдийгүй иргэд олон нийтийн төрд итгэх итгэлийг сулруулж, нийгмийн шударга ёсны үнэлэмжийг бууруулж, Монгол Улсын сонгож авсан зам болох Ардчилсан, Парламентын засаглалтай байх Үндсэн хуулийн үзэл санаа ганхах нөхцөлд хүргэж байна.
Иймд Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд С.Зориг агсны амь насыг хохироосон гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өнөөдрийг хүртэл удааширсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт хангагдаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зорилгоор Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулах санал үүгээр хүргүүлж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн хүсэлт гаргажээ.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан бөгөөд хэргийг илрүүлэх болов уу гэж ард түмэн 26 жил хүлээсэн. Хорин зургаан жил итгэл алдраагүй иргэдийн хүлээлтийг “төлөөлөн” УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлаар Ажлын хэсэг байгуулах хүсэлт илгээсэн нь өнөөдөр биеллээ олжээ. Ийнхүү Ажлын хэсэг байгуулагдсанаар Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтэд нааштай ахиц гарч магадгүй гэж зарим иргэд харж байна.