Уул уурхай, тээврийн салбарынхан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, санал өгөх боломжоор хангахыг хүсэв

Уул уурхай, тээврийн салбарынхан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, санал өгөх боломжоор хангахыг хүсэв

Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-ний баасан гарагт болно. Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр байнга оршин суудаг хаягаасаа өөр газарт ажиллаж байгаа уул уурхай, тээврийн салбарын голдуу 100 мянга орчим иргэний сонгох эрхийг хангах асуудлаар уулзалт өнөөдөр /2024.10.02/ СЕХ-нд боллоо. Уулзалтад уул уурхай, тээвэр логистикийн компанийн төлөөллүүд оролцож саналаа илэрхийлэв.

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Өмнөговь, Дундговь аймаг дахь уул уурхай, ачаа тээврийн компаниудад ажиллаж, уурхайн ажилтнуудын сонгох эрхийн талаар саналыг сонсоход зөөврийн хайрцгаар болон цахимаар саналаа өгөх зэргээр санал өгөх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны иргэдийг сонгуульд бүрэн хамруулах, сонгох эрхийг нь эдлүүлэхийн тулд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон нь харагдаж байна гэж СЕХ-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Д.Булгамаа тодотголоо.

Эрдэнэс силвер ресурс төрийн өмчит компанийн ахлах инженер Д.Энхтөр, Уурхайн ажилчдын сонгуулийн санал хураалтад оролцож, сонгох эрхийг нь эдлүүлэх  гурван гарц байна гэж харж байна. Нэгдүгээрт, хуучин урьдчилж саналыг нь өгүүлээд, битүүмжилдэг байсан. Хоёрдугаарт, Явуулын саналын хуудсаар санал авч болно. Гуравдугаарт, Орчин үед мэдээллийн технологийн хөгжлийн үед онлайнаар санал авах гарц байна. Эдгээрээс хамгийн бодитой нь урьдчилж санал авах. Уурхайн ажилтнууд 14 хоногийн ээлжээр ажиллаж байна. Саналыг 15 хоногийн өмнөөс урьдчилж авбал уул уурхайн салбарынхан саналаа бүрэн өгөх боломжтой. Манайх орон нутгийн ажилтнууддаа унаа гаргаад саналыг нь өгүүлэхээр явуулдаг. Манай уурхайд 21 аймгийнхан ажиллаж байна. Орон нутгийн биш бол нарийн мэргэжлийн хүмүүсийг олон хоногоор явуулбал уурхайн үйл ажиллагаа тасалдах хэмжээний асуудал гарах тул санал өгөх боломжгүй болдог.

"Эко глобаль логистик" ХХК-ийн ХАБ-ын албаны дарга Г.Итгэл, Манайд оргил үедээ 1000 орчим жолооч ажилладаг. Одоогийн байдлаар нүүрсний зах зээлийн уналттай холбоотойгоор одоогоор 300-гаад жолооч ажиллаж байна. бид жолооч нарынхаа сонгох эрхийг хангадаг. Сонгуулийн үеэр буугаад саналаа өгөх эрх нь нээлттэй гэж хэлдэг. Ростероор ирэхийн өмнө саналаа өгөөд ирэх сонголт өгдөг. Манайд жолооч нарын нөөц байдаг, хийснээрээ цалинждаг учир жолооч нар маань ажил, орлогоо бодоод саналаа өгөхийг хойш тавьдаг тал бий. Хэрэв цахимаар саналаа өгөх боломжийг хангавал Монгол Улсын гадаад, дотоодод суугаа иргэн бүр саналаа өгөх боломжтой гэлээ.