Компьютерын сүлжээний улсын XII олимпиадын медальтнуудад Юнител группт ажиллах урилга гардуулав

Компьютерын сүлжээний улсын XII олимпиадын медальтнуудад Юнител группт ажиллах урилга гардуулав

“Компьютерын сүлжээний улсын XII олимпиад”, “Инженерүүдийн ур чадварын VI тэмцээн” амжилттай зохиогдож өнгөрөгч амралтын өдөр шилдгүүдээ тодрууллаа.

Уг олимпиад нь Монгол дахь технологийн ирээдүйн боловсон хүчинг дэмжих, мэргэшсэн инженерүүдийн ур чадварыг сорих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж.Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр болсон уг олимпиадад компьютерын сүлжээний чиглэлээр суралцдаг оюутан залуус болон мэргэшсэн инженерүүд оролцож, техникийн ур чадвараа харуулахаар өрсөлдсөн юм. Энэ жилийн олимпиадын хувьд бодит сүлжээ дээр ажиллаж даалгавар гүйцэтгэсэн нь сонирхолтой байсан тухай оролцсон оюутнууд дурдав.  Энэ удаагийн олимпиадын Ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител групп, зохион байгуулагчаар Кибер аюулгүй байдлын сургалтын төв, хамтран зохион байгуулагчаар Үндэсний Дата Төв, Монголын сүлжээний инженерүүдийн холбоо нар ажиллаа.

МУИС-ийн 4-р курсийн оюутан А.Ангараг, “Практик дээр суурилсан систем дээр даалгавар гүйцэтгүүлсэн нь энэ жилийн олимпиадын онцлог байлаа. Энэ нь нэг бодлын хүнд ч гэсэн сонирхолтой, сайн туршлага болж чадсан. Миний хувьд Юнител группэд орж ажиллах хүсэлтэй байсан. Олимпиаддаа амжилт үзүүлээд зогсохгүй ажиллахыг хүсэж байсан газраас маань урилга ирсэнд сэтгэгдэл их өндөр байна” гэлээ.