АНУ-ын дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй Т.Уолз, Ж.Д.Вэнс нар мэтгэлцээнийхээ үеэр "Ираны Израилын асуудлаар шууд хариулт" өгөөгүй байна

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй Т.Уолз, Ж.Д.Вэнс нар мэтгэлцээнийхээ үеэр "Ираны Израилын асуудлаар шууд хариулт" өгөөгүй байна

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Т.Уолз, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Ж.Д.Вэнс нарын халз мэтгэлцээн Нью-Йорк хотод байрдах CBS News телевизийн байранд болсон байна. Энэхүү мэтгэлцээн  нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос таван долоо хоногийн өмнө, сонгуульд нэр дэвшигч Камала Харрис, Дональд Трамп нарын мэтгэлцээнээс гурван долоо хоногийн дараа болж байгаа юм. 

Тус мэтгэлцээний талаар BBC агентлаг, "мэтгэлцээн харьцангуй тайван байсан бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн оролцсон өмнөх шатуудаас эрс ялгаатай байлаа" гэжээ.

Тодруулбал, мэтгэлцээнд оролцогчдоос, "Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал, Ираны Израильд хийсэн цохилт"-ын талаар асуухад нэр дэвшигчдийн хэн нь ч асуултад шууд хариулаагүй байна.

Тухайлбал, Ардчилсан намын нэр дэвшигч Т.Уолз "АНУ Ойрхи Дорнод дахь байр сууриа хадгалж, Израилыг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй" гэж хэлээд дараа нь Д.Трампыг ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийн гадаад бодлогыг шүүмжилсэн байна. Харин Бүгд найрамдах намын нэр дэвшсэн Ж.Д.Вэнс, "АНУ холбоотнуудаа "муу залуустай тулалдаж" байхад нь дэмжих ёстой" гэсэн байна. Улмаар тэрбээр, Д.Трампын амжилтыг сайшааж, Цагаан ордонд байх хугацаандаа дэлхийн тогтвортой байдлыг хангасан гэж ярьжээ. 

Эх сурвалж: BBC