Сайд С.Одонтуяа Улаанбаатарын тээврийн хэрэгслүүдэд Евро-5 шатахуун хэрэглүүлэх албан даалгаврыг Хотын дарга Х.Нямбаатарт өгчээ

Сайд С.Одонтуяа Улаанбаатарын тээврийн хэрэгслүүдэд Евро-5 шатахуун хэрэглүүлэх албан даалгаврыг Хотын дарга Х.Нямбаатарт өгчээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан даалгавар өгчээ. 

Уг албан даалгаварт, 

  1. Нийтийн тээвэр болон төрийн албаны тээврийн хэрэгслүүдэд экологийн өндөр ангиллын К5 /Евро-5/ стандартын шатахуун ашиглуулах талаар холбогдох шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх
  2. Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг хяналтаар агаар бохирдуулагч бодисын ялгарлын хэмжээ нь стандартын шаардлага хангаагүй тэвэрийн хэрэгслийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх 
  3. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийг Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, биелэлтийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлэхийг тусгажээ. 

Тусалсан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавихыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар Б.Мөнхтогтоход мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газар Г.Энхмөнхт тус, тус үүрэг болгосугай гэжээ. Евро-5 дизель түлш нь автомашины утаанаас ялгарах тоосонцорыг 95 хувь, нүүрсхүчил болон метан хийг 80 хувь, азотын ислийг 90 хүртэл хувиар тус, тус бууруулдаг байна. Мөн түлш зарцуулалт дунджаар 3 хувь буурч, хөдөлгүүрийн бохирдол 75 хувь хүртэл багасдагийг судалгаагаар тогтоожээ. Тус стандартын шатахуун нь хөдөлгүүрт бүрэн шатдаг учир хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсгэдэггүй байна.

Евро-5 стандартын шатахуунд агуулагдах хүхрийн агууламж Евро-2 стандартын шатахуунаас 200 дахин бага байдаг. 2024 оны 9 сарын байдлаар дунджаар нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд 1191 ширхэг, төрийн үйлчилгээнд 2000 ширхэг тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.

Эдгээр тээврийн хэрэгслүүд Евро-2 стандартын шатахуунаас Евро-5 стандартын шатахууныг хэрэглээндээ нэвтрүүлбэл олон улсын theaa.com сайтад тавигдсан түлшний судалгаагаар нэгж тээврийн хэрэгсэл км тутамд 1,2 гр нүүрстөрөгчийн исэл, 0,34 гр нүүрсустөрөгчийн исэл, Азотын исэлийн агууламж агаарт ялгарахаас сэргийлнэ. Үүнийг нийт 3191 ширхэг тээврийн хэрэгсэлдээ шилжүүлвэл км тутамд 3.8 кг CO, 1,1 кг HC+NOx-ийн агууламж агаарт ялгарахаас сэргийлнэ. Эдгээр тээврийн хэрэгслүүд өдөрт дунджаар 50 км зам туулж нийслэлийн хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл 190 кг CO, 55 кг HC+NOx-ийн агууламж агаарт ялгарахаас сэргийлж чадна.