О.Цогтгэрэл: Эрх баригчид "орон нутагт тэнэгүүд амьдардаг" гэж бодлого тодорхойлж ирсэн

О.Цогтгэрэл: Эрх баригчид "орон нутагт тэнэгүүд амьдардаг" гэж бодлого тодорхойлж ирсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.10.01/ мэдээлэл хийлээ. 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлэгт 2025 оны улсын хөгжлийн төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн сайд танилцуулсан. Энэ хэвлэлийн хурлын дараа бүлэг дахин хуралдахад Сангийн сайд ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгнө. Орон нутгийн төсөв жилээс жилд, сараас сард агшсаар байна. Орон нутагт төрийн оролцоотой 26 агентлаг байдгийн 24-ийг Улаанбаатараас томилдог.  Бүх аймаг сумд татаас авдаг. Бүх татварыг нь дээшээ татдаг. Буцаад Улаанбаатараас хуваарилдаг. Энэ бүхний эцэст орон нутаг, аймаг, сум өөрийгөө засаглах чадваргүй гэж эрх баригчид үзэж, бодлогоо хэрэгжүүлж ирсэн.

Орон нутагт тэнэгүүд амьдардаг, Улаанбаатарт хамаг ухаантай нь амьдардаг, нийслэл хотын цагаан байрнаас улс орныг удирдахаар хөгждөг гэсэн бодлогын гороор эрх мэдлийг дагаад мөнгө санхүү, хотын түгжрэл, тулгамдсан асуудал нь улам нэмэгдлээ. АН-ын бүлгээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгоор, эрх мэдлийг нь шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг энэ намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгаа.

Манай намын 42 гишүүний 14 нь аймаг, сум, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай. Долоо нь Засаг даргын албан тушаалаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон" гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Аймаг, сумд ямар нэг гэмт хэрэг, малын хулгай гарвал өөрсдөө шийдэж чаддаггүй. Үүнээс харахад зөвхөн Улаанбаатар төвтэй Монгол Улсыг сүүлийн 20 жилд эрчимтэйгээр байгуулжээ. Хэнд халамж хэрэгтэй байна, ямар асуудлыг шийдвэрлэх ёстой вэ гэдгээ хамгийн сайн мэддэг хүмүүс нь сум, аймгийн Засаг дарга нар юм. Гэтэл өнөөдөр Засаг дарга нар нь дээрээс хуваарилж ирсэн хэдэн төгрөгийг аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулсан нэртэй гарын үсэг зурдаг ажилтай болжээ. Тухайн сумын малчин, дарга, аймгийн Засаг дарга нь мэдээгүй байхад айлын өвөлжөөг нь лиценз болгоод өгсөн байдаг. Ийм байдлаар эрх мэдлийг авсаар сумын сургуулийн захирал, жижүүрээр хэнийг томилохыг Улаанбаатар хотоос шийддэг болчихсон. Энэ бол хөдөөгийн хөгжлийг чөдөрлөж буй хамгийн том асуудал мөн" гэдгийг тодотголоо. 

Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "2025 оны төсөвт зарим аймгийн төсөв 260 тэрбум төгрөг бол заримынх нь 20 тэрбум төгрөг байна. Энд улс төрийн нөлөө үзүүлж, даргын аймаг их төсөвтэй байдаг гаж тогтолцоо байна. Үүнийг засах арга нь орон нутгийн эрх мэдлийг сайжруулах явдал. Энэ бол Ардчилсан намын бүлэг гэлгүй УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалахын тулд санал болгож байгаа хуулийн төсөл" хэмээн мэдээллээ.