Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар аравдугаар сарын 10-нд санал авна

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар аравдугаар сарын 10-нд санал авна

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2024 оны аравдугаар сарын 10-ны өдөр 09.00-20.00 цагт санал авна. Дараах сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой.

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
  • Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
  • Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч; саатуулагдсан,
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн хүсэлт, эмнэлгийн магадалгаа эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу оршин суугаа газарт нь очиж авна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд өөр өөр нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөлөл бүхий хоёроос доошгүй ажиглагчийг оролцуулж болно.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ хаана, хэзээ гаргах вэ?

Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадалгаа, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ. Тухайн сонгогч асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

Сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг байгууллагын тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.