Тайланын фермер хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд 100 гаруй матраа устгажээ

Тайланын фермер хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд 100 гаруй матраа устгажээ

Матрууд хар салхинаар хашаанаас гарч, хүмүүсийг хохироохоос сэргийлсний улмаас "Матар X" хочтой Тайландын фермер есдүгээр сарын 22-нд нэн ховордсон төрлийн 125 матраа устгажээ.

Тодруулбал, 37 настай Натхапак Хумкад нь Тайландын хойд хэсэгт орших Ламфун хотод матрын ферм ажиллуулдаг байна. Тэрбээр матрууд хар салхинаар хашаа хороогоо эвдлэх эрсдэлтэйг бодолцон шинэ фермтэй болохыг хичээжээ. Гэвч зарим матар нь дөрвөн метр урт тул тэднийг багтаахуйц том, найдвартай газар олдоогүй аж. "Матар X" хэлэхдээ "Би матруудаа хороохын тулд амьдралынхаа хамгийн хэцүү шийдвэрийг гаргасан. Хар салхинаас болж хашаа нурчихвал хүмүүсийн амь насанд учрах хохирол нь бидний мэдлээс хол хэтрэнэ гэдгийг гэр бүлийнхээ хүнтэй ярилцсан. Хүмүүсийн амь нас, олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ" гэжээ.

Алагдсан матруудын дунд дөрвөн метр урттай, хамгийн том үржүүлэгч, сүргийн ахлагч Ай Харн нэртэй матар байжээ. Матрын аж ахуй нь Тайландад ашиг орлого сайтай салбар юм. Тус улсад ойролцоогоор 1100 бүртгэлтэй ферм байдаг бөгөөд тэдгээр нь жилд 6-7 тэрбум тайланд баттын орлого олдог. Натхапак Хумкадын ферм анх таван матартайгаар бизнесээ эхэлж байсан бөгөөд арьс ширний үйлдвэрүүдэд матрын арьс нийлүүлэх, хөлдөөсөн мах борлуулах, хатаасан махыг Хонгконгод экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж.