Хезболла-гийн удирдагч Израилын цохилтод өртөн амиа алджээ

Хезболла-гийн удирдагч Израилын цохилтод өртөн амиа алджээ

 “Хезболла” бүлэглэлийг үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг Хассан Насралла амиа алдсаныг Израилын батлан хамгаалах арми албан ёсоор мэдэгдлээ. Насралла тус бүлэглэлийн газар доорх штабын байр руу агаарын цохилт өгөх үеэр амь үрэгджээ. Удирдагч нь амиа алдсаныг “Хезболла” бүлэглэл баталсан байна.

Израилын сөнөөгч онгоцууд Бейрут хотын Дахия хорооллын орон сууцын барилгын доор байрлах “Хезболла” бүлэглэлийн төв байрт цохилт өгсөн гэж Израилын батлан хамгаалах арми мэдээлжээ. “Хезболла”-гийн дээд командлагчид тус байранд цугласан тухай мэдээллийг авсны дараа цохилт өгсөн гэж мэдээлэлд дурдсан байна. Хасан Насралла нь “Хезболла”-гийн стратегийн удирдагч, гол шийдвэр гаргагч байсан тул цохилтын гол бай болжээ. Үүний зэрэгцээ Израилын Батлан хамгаалах армийн Ерөнхий штабын дарга Херци Ха-Леви бямба гаргийн өглөө мэдэгдэхдээ, Насраллаг хөнөөсөн нь "Израилын армийн сүүлчийн цохилт биш" гэсэн байна. 

Үүнээс хэдэн цагийн дараа “Хезболла”-гийн удирдлага удирдагч нь амиа алдсан болохыг баталжээ. Энэ тухай тус байгууллагын хяналтад байдаг “Аль-Манар” телевизийн суваг мэдээлсэн байна. “Хезболла” мэдэгдэл хийхдээ Израилтай хийж буй дайныг  үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар хамгийн түрүүнд Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи үг хэлэв. Тэрбээр Израилын үйлдлийг буруушаасан боловч Насралла амиа алдсан талаар дурдаагүй байна. Али Хаменеи хэсэг хугацааны дараа "Насралла амиа алдсантай холбогдуулан Иранд таван өдрийн гашуудал зарлаж, дахин мэдэгдэл хийж, Израилын эсрэг дайралт улам хүчтэй болно" гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Насраллаг устгасан талаар сайшаасан өнгө аястай мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр, энэ нь "олон мянган америкчууд, израилчууд, Ливаны энгийн иргэдийг оруулаад олон хохирогчийн хувьд тодорхой хэмжээгээр шударга ёсыг сэргээсэн" байна. “Хезболла”, ХАМАС, хутичууд болон "Ираны дэмжлэгтэй бусад террорист бүлэглэлээс" өөрийгөө хамгаалах Израилын эрхийг АНУ бүрэн дэмжиж байна гэж Ж.Байден мэдэгджээ.

Тэрбээр "түрэмгийллийг тогтоон барих" зорилгоор Ойрх Дорнод дахь Америкийн цэргийн хүчний байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхийг Пентагонд үүрэг болгосон байна.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсоныхоо дараа эх орондоо ирсэн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үг хэлэхдээ, Насраллаг "гол алуурчин", "Ираны бузар муугийн гол хөдөлгөгч" гэж нэрлээд, Израил улс "тоо томшгүй олон израилчууд" болон гадаадын олон иргэний үхэлд буруутай хүнтэй "хариуцлага тооцсон" гэж мэдэгдэв. Нетаньяху "Хезболла"-гийн удирдагчийг хөнөөх тушаалыг өөрийн биеэр өгсөн гэж мэдэгдээд, гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд тус хөдөлгөөнд өгсөн цохилт хангалтгүй хэвээр байна гэжээ. Израилын хэвлэлүүдэд мэдээлснээр, “Хезболла”-гийн төв байранд цохилт өгөх үеэр мөн тус бүлэглэлийн өмнөд фронтын командлагч Али Караки, Сири, Ливан дахь “Кудс” хүчний командлагч Аббас Нилфорушан нар амь үрэгджээ. “Кудс” хүчин бол Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын тусгай хүчний анги бөгөөд хилийн чандад явуулах тусгай ажиллагааг хариуцдаг аж. “Хезболла” бүлэглэлийн төв байранд цохилт өгөх үеэр мөн 300 орчим энгийн иргэн амиа алдсан байна. 

1992 онд буюу тус хөдөлгөөний ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Аббас Мусави Израилын пуужингийн цохилтод өртөн амиа алдсаны дараа Хасан Насралла Ливаны шиитүүдийн “Хезболла” хөдөлгөөнийг удирдаж эхэлжээ. Түүний удирдлага дор тус хөдөлгөөн Ойрх Дорнод дахь хамгийн аюултай зэвсэгт бүлэглэлүүдийн нэг болсон бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг төрийн бус арми гэгдэж байв.  Насралла “Хезболла”-гийн удирдлагыг гартаа авсны дараахан уг хөдөлгөөн Аргентинд Израилын Элчин сайдын яам болон Еврейчүүдийн Соёлын төвд хоёр удаа террорист халдлага үйлдсэн юм. Түүнчлэн Израилын хойд нутаг руу байнга пуужин харвах болжээ.  2023 оны 10 дугаар сард ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийж, хариуд нь Израилын тал Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлсний дараа Х.Насралла Израилд дайн зарлажээ.