Л.Энх-Амгалан: Хөдөлмөр хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана

Л.Энх-Амгалан: Хөдөлмөр хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана

Хөдөлмөр нийгмийн хамгаалал тэтгэвэртэй холбоотой асуудлуудаар өнөөдөр /2024.09.28/  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, “Цаашид Монгол Улс тэтгэврийн сантай байх уу, үгүй юу гэдэг асуудал болоод байна. Хуучин нэг хүний тэтгэврийг татвар төлөгч гурван хүн төлдөг байсан бол, одоо боломжгүй болсон бөгөөд сүүлийн таван жилд 4.7 их наядын алдагдал үүссэн. Иймд эрт тэтгэвэр тооцдог асуудлыг эргээд харах цаг ирсэн. Нийт 160 тэрбум төгрөгийн НДС-ийн авлагын асуудал байна. Уг асуудлын хүрээнд тодорхой шийдвэрүүд гаргаж прокуророос шалгуулах хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын сангийн алдагдал бол төсвийн мөнгө биш. Иргэдийн мөнгө шүү дээ. Тиймээс шаардлагатай тохиолдолд УИХ-аар нээлттэй хэлэлцүүлнэ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө 145.9 тэрбум төгрөг буюу 2024 оноос 61.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Гэр бүлийн асуудалд цогц үйлчилгээнүүдийг хөгжүүлж, гэр бүлийн боловсрол, хууль, эрх зүй, нийгэм хамгааллын бодлого, орон сууцжуулах хөтөлбөр зэрэгт анхаарч ажиллана. Энэ хүрээнд гэр бүлийн цогц үйлчилгээний төвийг бий болгохоор ажиллаж байна. 

Мөн нийгмийн хамгааллын бодлогыг халамжийн хуулиар зохицуулж ирсэн болохоор халамжийн системтэй улс мэтээр ойлгогдож байгаа. Энэ асуудлыг нэг системд оруулах ажлыг зохион байгуулна. Мөн Хөдөлмөр хамгааллын газарт 1600 ажилчин байгаа ч 1300-аад хүн нь халамжтай холбоотой ажил эрхэлж байна. Иймд бид хөдөлмөр, хамгаалал гэдэг агуулгыг ижил түвшинд авч шийдвэрлэхийн тулд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана” гэлээ.