АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, "Орос дайнд ялахгүй,Украин ялна" гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзахдаа мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, "Орос дайнд ялахгүй,Украин ялна" гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзахдаа мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай өчигдөр /2024.09.26/ Цагаан ордонд уулзсан байна. Энэ үеэр Ж.Байден "АНУ Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ" гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр, "Илэн далангүй хэлье. Орос дайнд ялахгүй. Орос ялахгүй. Украин ялна, бид та бүхэнтэй мөр зэрэгцэн зогссоор байх болно" гэж мэдэгдсэн байна. Сонирхуулахад, АНУ-аас Украинд 2.4 тэрбум ам.долларын цэргийн багц тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэхүү багц тусламжид агаарын довтолгооноос хамгаалах систем, "агаар-газар" ангиллын зэвсэг, нисгэгчгүй онгоцууд болон харилцаа холбооны хэрэгсэл, зарим цэргийн техник хэрэгслүүд багтаж байгаа аж. 

Мөн Украины Ерөнхийлөгч АНУ-ын дэд Ерөнхийлөгч, ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харристай уулзсан байна. К.Харрис ч мөн адил Вашингтоны зүгээс Киевт дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгийг Украины Ерөнхийлөгчид батлан хэлсэн талаар CNN агентлаг мэдээлжээ.