Ерөнийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтэн зохиолчдыг урамшуулах зорилгоор “Мэргэн ном” шагналыг 2019 оноос хойш жил бүр гардуулдаг болсон билээ.
Энэ жилийн намрын "Номын баяр"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээн дор намрын “Номын баяр”-ыг зохион байгуулсан бол өнөөдөр “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, шагнал гардууллаа. Төрийн ордны Их танхимд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Г.Занданшатар дарга “Уншдаг, судалдаг ард түмэн урагшлан хөгжиж дэвшдэг. Хүн бүр өдөрт таваас доошгүй хуудас уншдаг больё хэмээн уриалгыг дэвшүүлсэн. Өдөр болгон хүн бүр уншицгаая” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа, “Бид жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногт номын баяраа зохион байгуулдаг уламжлалтай болсон. Ном бол та бүхнийг загнахгүй, зэмлэхгүй зодохгүй. Харин асар их мэдлэг, мэдээлэл өгнө. Дандаа сайн сайхныг өгдөг сайн нөхөр юм шүү гэдгийг онцлоод “Номын сайн нөхөр” аяныг өрнүүлж байна. Цаашлаад “Номын сайн нөхөр”-ийн тэмдэг, батламж гардуулдаг болох юм. Ингэснээр бусдыг уриалж чадвал улс орон хөгжин, дэвжинэ. Яагаад гэвэл та бүхний бодол оюунд Монгол Улсын маргаашийн ирээдүй зураастай, хөгжөөстэй байгаа. Тиймээс номын сайн нөхөр болж, жил бүр баяртаа сайн дураараа оролцдог хүүхдүүддээ талархал илэрхийлье” гэв.
Өнгөрсөн жил энэхүү цомыг Төрийн соёрхолт, соёл судлаач “Тасам”-ын Ц.Санчир гардаж байсан бол 2024 оны “Мэргэн ном” цомын эзнээр Хөдөлмөрийн баатар Ч.Галсан тодорлоо.
Үүнээс гадна номын нүүр хуудаст шинэ технологи нэвтрүүлсэн “Аргун Холдинг” хэвлэлийн газарт “Номын ертөнцийн гавьяатан”-аар тодруулсан бол номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Номын жор” клубыг “Мэргэн уншигч”-аар тодруулж, батламж гардуулсан юм. Үүнээс гадна “Дэм авьяастан” сургалтын төвийн төгөлдөрийн хуурын багш, Монгол Улсын гавьяат багш Д.Наранцацрал болон түүний шавь нар, мөн “Номын ертөнц” клубын сурагчдад бэлэг, дурсгалын зүйл гардуулав.