Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэрх уулзалтууд цуцлагдаагүй, В.Путины айлчлалын талаар дурдсан зочин ч байхгүй гэж мэдэгдэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэрх уулзалтууд цуцлагдаагүй, В.Путины айлчлалын талаар дурдсан зочин ч байхгүй гэж мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79-р чуулганд оролцож байна. Тэрбээр  тус чуулганы ерөнхий санал шүүмжлэл, "Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт"-д оролцож илтгэл тавьсан. 

Мөн энэ үеэр гадны улсуудын өндөр дээд түвшний зочид, төлөөлөгчтэй уулзаж байгаа юм. Харин зарим хэвлэлд "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн товлосон уулзалтууд цуцлагдсан" гэх мэдээлэл гарсан. Ерөнхийлөгчийн тамгын газраас уг мэдээллийг үгүйсгэж, "Цуцлагдсан уулзалт байхгүй" гэсэн юм. Мөн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр " Манай улсын Ерөнхийлөгчтэй уулзах айлын талын хүсэлт их байна. Манай Ерөнхийлөгч өөрөө хүсэлт өгсөн хүмүүстэйгээ уулзах цаг зав бага байна. Бид "Энхийн төлөө" уриагаа энэ жил маш тодорхой дахин илэрхийлсэн. Энэ бол манай гадаад харилцаа, гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн бодлого учраас ОХУ-ын Ерөнхийлөгчийг айлчлахад ганц хэлсэн юм биш. Энэ уриагаа бид өмнө нь ШХАБ-ын уулзалтад оролцохдоо ч хэлж байсан. Сая В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хэлсэн. Гадны улсуудын манай улсад хандаж буй хандлага яг хэвээрээ. Харин ч В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалыг ярьж байгаа ч хүн алга" гэжээ. 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн үндсэн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэл эхлээгүй байгаа. Энэ үеэр л төрийн тэргүүд идэвхийлэн уулздаг. Харин өмнөх "Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт"-ын хүрээнд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Бутаны Ерөнхий сайд Цэрэн Тобгай,  Япон улсын Ерөнхий сайд Ф.Кишида нартай уулзаад байна.