Монгол, Япон улсууд батлан хамгаалахын хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохирч, "Чингис хаан" нисэх буудлын тоног, төхөөрөмжийг сайжруулах талаар санал солилцжээ

Монгол, Япон улсууд батлан хамгаалахын хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохирч, "Чингис хаан" нисэх буудлын тоног, төхөөрөмжийг сайжруулах талаар санал солилцжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав.

Талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав.

Мөн батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцсоныг NHK мэдээлжээ.

Талууд батлан хамгаалахын салбарын тоног төхөөрөмж солилцох болон технологийн дамжуулалт хийх тал дээр хамтран ажиллахад нээлттэй гэж байр сууриа илэрхийлсэн байна. Үүнээс гадна Хойд Солонгосын асуудлаар хоёр улс ижил байр суурьтай байгаагаа мэдэгдсэн. Ингэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг бүрэн дагаж, Япон Монгол хоёр улс Хойд Солонгосын асуудалд нягт холбоотой ажиллахаа онцолжээ. Түүнчлэн Фүмио Кишида “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигчдын урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан тус буудлын техник хангамжийг сайжруулахад Монголын талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тодотгосон байна. Фүмио Кишида өнгөрсөн сард Монголд айлчлахаар төлөвлөж байсан ч Японы Нанкай орчимд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас уулзалтыг цуцалсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Япон Улсын Ното хойгт болсон хүчтэй үерийн хохиролд эмгэнэл илэрхийлжээ.