"Авлигачдын хөрөнгийг хураана" хэмээх О.Алтангэрэлийн популизмын араар авлига байж магадгүй С.Батболдын 68 сая долларын хэрэг Монголд мартагдаж, Олон Улс мэдээлсээр байна

"Авлигачдын хөрөнгийг хураана" хэмээх О.Алтангэрэлийн популизмын араар авлига байж магадгүй С.Батболдын 68 сая долларын хэрэг Монголд мартагдаж, Олон Улс мэдээлсээр байна

Ард түмнийг улс төрийн хэрэгслээ болгож байгааг популизм гэдэг бол популистууд “нийтийн дур сонирхол дээр ажилладаг” гэлцдэг. Товчхондоо, олон нийтийн сонирхлыг татаж, асуудлыг өөрөө шийднэ хэмээж, дахин сонгогдохын тулд юу ч хамаагүй амлаж буй улс төрчийг популистууд гэдэг.

Манай зарим популистуудын амлалтаар бол “нийслэлийнхэн 2017 оноос метрогоор зорчоод эхэлчихсэн”, “2021 онд гэр хороололгүй болчихсон”, “худлаа ярьж байгаа юм биш долларын ханш 1000 төгрөгөөс буурчихсан”, “шударга ёс тогтчихсон” байх байлаа. Гэтэл өнөөдөр гэр хорооллын утаа нь онц байдал зарлах хэмжээнд хүрчихсэн, долларын ханш 3000 төгрөгийг хол даваад явчихсан байна. Экспортын орлогын 90 орчим хувь нь Хятадаас бүрдэж, төмөр зам, эрчим хүч, шатахуун нь Оросоос хараат монголд уул уурхай, улс төрд ороогүй зарим нь эх орноосоо бараг дайжихад бэлэн байна.

-О.АЛТАНГЭРЭЛ САЙД АВЛИГАТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛЭЭ ХИЙЖ БИШ ХЭЛЖ ҮЗҮҮЛЛЭЭ-

Харин Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй Улсын Их Хурал бүрдэж, энэ парламентаас олон иргэд өөр өнгө төрх, үг яриа, гарц шийдлийг хүлээж байна. Үүний нэг нь тэгш бус хуваарилалт, шударга бус байдал. Мэдээж үүнийг далимдуулаад хувийн хэвшлийг дээрэмд, төрийн мэдэлд ав гэсэн үг огт биш. Учир нь авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоохын тулд төсвийн зардлаа бууруулж, хувийн хэвшилдээ итгэх юм. Үүний тод жишээг Аргентины ерөнхийлөгч Хавьер Майли дэлхийд харуулж байна.

Товчхондоо, одоогийнх шиг дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг нь төр үйлдвэрлэж тендер зарлаж, худалдан авалт хийсээр байвал Засгийн газар “100 Ш ажиллагаа” зарлаад ч монголд авлига буурч, шударга ёс тогтохгүй.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл гарц, шийдэл бус 30 жил явж ирсэн зарим популист улс төрчдийг залгамжилж байна уу гэлтэй мэдэгдлийг хийх болж. Улмаар түүний тус мэдэгдэлд хэн нэгэн “титр бичиж, сүр оруулаад” олон нийтийн сүлжээнд тараажээ.

ВИДЕО: 

Тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүн О.Алтангэрэл мэдэгдэлдээ, “Надад нэг асуулт байнга ирж байна. Алтангэрэлээ чи хууль бус, авлигачдын хөрөнгийг хураана гэсэн ажлаа хийх үү, одоо сайд болчихлоо шүү дээ гэдэг. Би хийнэ ээ сайд болох тусмаа хийнэ. Яг үнэнээсээ би өөрөө энэ авлигатай тэмцэх стратегийг судалж, монголын ард түмний баялгийг үеийн үед булаасан энэ авлигачдыг цээрлүүлэх юм сан гэж гэгээн өдөр бодолдоо, бараан шөнө зүүдэндээ бодож явдаг хүн…” гэж шүлэглэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн “Авлигачдын хөрөнгийг хураана” гэх мэдэгдэл биелнэ гэдэгт та итгэж байна уу?

Нийт: 6 саналтай

-ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭЭС С.БАТБОЛДЫГ БАРИВЧЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖ МАГАДГҮЙ-

Тэгвэл “Авлигачдын хууль бус хөрөнгийг хураана” гэж ганц О.Алтангэрэл биш олон улс төрч ийнхүү хэлж байв. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны гуравдугаар сард “Шинэ сэргэлтийн бодлого”-оо УИХ-д танилцуулж мөн үүнийг хэлж байв. Гэтэл үүнээс хоёр жилийн дараа буюу 2024 оны гуравдугаар сар /2024.03/-д Ерөнхий сайд асан С.Батболд “бохир” мөнгөөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан талаар АНУ-ын эрх баригчид мэдээлснийг BBC, CNN зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж, монголын авлига дэлхийн сонорт хүрч байна. Харин МАН-ын удирдлагууд С.Батболдыг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэлгүй авч үлдсэнээс өөр түүнд ямар ч хариуцлага хүлээлгээгүй бараг мартсан. 

Сонирхуулахад тус мэдээлэлд,  “Батболдын төлөөний хүний нэр дээр бүртгэлтэй, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан ямар ч түүхгүй Catrison нэртэй компани томоохон гэрээ байгуулсны шагналд 68 сая ам.долларыг авсан. Энэ мөнгөний тодорхой хэсгээр Манхэттэн дүүрэгт хоёр орон сууц худалдаж авсныг АНУ-ын эрх баригчид тогтоосон гэх ба Төрийн авлигаас хувьдаа ашиг хонжоо олсон Батболдын үйлдэл нь түүний удирдаж байсан хуулийг дээдлэгч ард иргэдийг хохироож байна” гэж Холбооны Мөрдөх Товчооны захирлын туслах Жэймс Смит дүгнэсэн байна” гэсэн байдаг. Улмаар түүнийг баривчлах шийдвэр олон улсын шүүхээс ч гарч магадгүй юм. 

Харин хууль зүйн сайд О.Алтангэрэлийн авлигатай хийх тэмцэл нь олон улсад шуугиан болоод буй энэ мэт хэргээс эхлэх ёстой байтал “30 жил ярьсан хөрөнгө хураана” гэх популизмыг олон нийтийн сүлжээнд магадгүй тараагаад сууж байна. 

УИХ, Засгийн газрын гишүүн О.Алтангэрэл олон нийтэд хандсан популизм нь үүгээр дуусахгүй. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайд болсныхоо дараахан, “Энэ сайдын албыг авснаас хойш дарга болъё, даргаар тавиулъя гэсэн маш олон хүсэлтүүд найз нөхөд, хамтран зүтгэгчид улс төрийн нам, хүрээллийн зүгээс ирж байна …” хэмээн мэдэгдэж, үүнийгээ видео контент болгоод өөрийнхөө Facebook хуудастаа нийтэлж байв.

ВИДЕО: 

Өнгөрөгч долоодугаар сарын 07 /2024.07.07/-ны өдөр хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар хамтарсан Засгийн газарт орохыг гишүүдийнх нь 90 орчим хувь нь дэмжсэн гэдэг. Тус хурлын үеэр үг хэлсэн гишүүдийнх нь ихэнх нь “АН-ын жирийн гишүүд найман жил гудамжинд явлаа. Иймд засгийн газарт орж гишүүдээ ажилтай болгох нь зөв” гэсэн байр суурийг илэрхийлсэн гэдэг. Иймд АН-ын гишүүд хамтарсан Засгийн газрын гишүүн болсон сайд нараасаа “ажилд оруулж өгөхийг гуйсан” нь дамжиггүй. Гэтэл О.Алтангэрэл сайд ийм мэдэгдэл хийж, олон нийтийн сүлжээнд цацаж байв. Товчхондоо,  тэрбээр ажил гуйсан АН-ын гишүүдээ ад үзэж, хөрөнгө хураах популизмийг л сүүлийн хоёр сарын хугацаанд хийжээ.