МАН-аас НИТХ-д нэр дэвшиж буй Ж.Сандагсүрэн “Ногоон автобус”-ны хэрэгт яллагдагчаар татагдсан бол Б.Сэмжидмаа нь санал тоолох хар машиныг хакердахыг завдаж байв

МАН-аас НИТХ-д нэр дэвшиж буй Ж.Сандагсүрэн “Ногоон автобус”-ны хэрэгт яллагдагчаар татагдсан бол Б.Сэмжидмаа нь санал тоолох хар машиныг хакердахыг завдаж байв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 2-ноор дуусгавар болж, Нийслэлийн сонгуулийн хорооноос улс төрийн нам, эвслийн нэр дэвшигчдийн мэдээллийг хүлээн авч, эцэслэн бүртгэсэн.

-НИЙСЛЭЛИЙН МАН ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА 41 НЭР ДЭВШИГЧТЭЙ НИТХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ГЭЖ БАЙГАА НЬ ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛИЙНХ ҮҮ-

Улмаар МАН-ын дөрвөн хүнийг АН-ын хоёр хүнийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргав. Ингэснээр Нийслэлийн МАН түүхэндээ анх удаа 41 нэр дэвшигчтэй НИТХ-ын сонгуульд оролцохооор боллоо.  Энэ удаагийн нийслэлийн сонгуульд МАН-ыг Хотын дарга, нийслэлийн намын дарга Х.Нямбаатар, АН-ыг "Женкогийн хүн" гэх нийслэлийн намын дарга Т.Батцогт, ХҮН намыг Э.Золзаяа, Үндэсний эвслийг МАН-аас гарч тус эвсэлд элссэн П.Баярхүү удирдаж орно. 

Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар хариуцлага алдаж, дөрвийн дөрвөн суудал хүчингүй болгосны дээр өмнө нь асуудалд холбогдож байсан, гэм буруутай нь тогдоогдсон, эс бөгөөс одоо шалгагдаж байгаа хэд хэдэн хүнийг мэдсээр байж нэр дэвшүүлсэн нь анхаарал татаж байна.

Тодруулбал, Б.Галцог нь 2018 оны есдүгээр сарын 04-ний өдөр Иргэн Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгүүлсэн байна. Улмаар уг асуудлыг БЗД-ийн ИТХ-ын XI хуралдаанаар хэлэлцэж, 2019 онд Б.Галцогийг МАН-ын бүлгийн дарга болон ИТХ-аас 53.6 хувийн саналаар огцруулсан байдаг. Тэгвэл түүнийг НИТХ-д дахин нэр дэвшүүлсэн байсныг Нийслэлийн сонгуулын хороо бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

-"НОГООН АВТОБУС"-НЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОН ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Ж.САНДАГ-ОЧИР НИТХ-Д НЭР ДЭВШЛЭЭ-

Түүнчлэн, “Ногоон автобусны" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Эл хэргийг тодруулбал, "Ногоон автобус"-ны хэрэгт холбогдуулан 24 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд Ж.Сандагсүрэнгээс гадна Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн засаг даргын хуулийн зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нар багтсан.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Харин Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар дахин сонгуульд нэр дэвшээгүй юм. Гэтэл ийнхүү Ногоон автобусны хэрэгтэй холбогдож, яллагдагчаар татагдсан Ж.Сандагсүрэн МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна.

-САНАЛ ТООЛОХ ХАР МАШИНЫГ ХАКЕРДАХЫГ ЗАВДСАН Б.СЭМЖИДМАА МАН-ААС НЭР ДЭВШИВ-

Мөн МАН-аас НИТХ-д нэр дэвшиж буй Б.Сэмжидмаа санал тоолох хар машиныг хакердуулахаар завдсан талаарх бичлэг цацагдаж, шуугиан дэгдээж байв. Тухайлбал 2020 оны тус бичлэгт эхлээд Б.Сэнжидмаа үл мэдэгдэх хүнтэй ярьж байхад Г.Гангамөрөн гаднаас орж ирэн, санал тоолох хар машиныг хакердах тухай ярьж байгаа юм. Тодруулбал үл мэдэгдэх хүн тэдэнд  “Мэдээж тусгай программ байгаа. Программ дээр ажиллана. Санал хураалтын хуудас  дээр л бид ажилладаг. Хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нар тэр чиглэл дээр ажилладаг гэсэн  үг. Өнгөрсөн УИХ-ын сонгууль дээр ч тодорхой хэмжээний төхөөрөмжийн ажиллагаа хийсэн. Амжилттай болсон. Үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх. Бидэнд итгээд гар нийлж ажиллая гэвэл шууд ажиллахад бэлэн байна” гэх мэтээр сонгуулийн санал тоолох хар машиныг хакердах тухай ярьсан юм. Харин дээрх нэр дэвшигчид дахин, дахин лавлан асууж “үнэхээр баталгаатай бол хамтран ажиллана” гэх зэргээр ярилцжээ.

Түүнчлэн МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч нар улиралд нэг удаа олгогддог хоёр сая төгрөгөө авч чадалгүй намдаа тушаадаг байсан талаар өмнө нь бид мэдээлж байв.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу. Өөрөөр хэлбэл ИХ-ын төлөөлөгч нарынхаа урамшууллын мөнгийг Баянгол дүүргийн МАН хураан авч, уг ажлыг Б.Сэмжидмаа зохион байгуулдаг байжээ. Энэ мэтчилэн Хотын дарга, Нийслэлийн намын дарга Х.Нямбаатар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож гэм буруутай нь тогтоогдсон, хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан хүмүүсийг нэр дэвшүүлсэн байх аж.