Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ ээлжит хуралдаанаар "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолыг баталжээ. Энэ хүрээнд Монгол Улсад "Телекамерын нэгдсэн хяналтын төв", аймаг дүүргүүдэд "Телекамерын нэгдсэн хяналтын дэд төв"-үүдийг байгуулах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "2013 оноос хойш нийслэл хотод 5188, хөдөө орон нутаг 5924 камерыг суурилуулсан байна. Суурилуулсан камерын тусламжтайгаар олон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлж мөн илрүүлж чадсан. Телекамерын нэгдсэн хяналтын төвийг нийслэлд байгуулахад 8 тэрбумыг, орон нутагт байгуулахад 20 орчим тэрбумыг зарцуулна. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагас ногоон бүс буюу камержуулалтын аяныг Чингэлтэй дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн. Энэ дүүрэг нь тэр чигээрээ ногоон бүс болж гэмт хэрэг зөрчил эрс буурсан.
Одоо Улаанбаатар хотыг ногоон бүс болгохоор ажиллаж байна. Бид ойрын хугацаанд дээрх төвүүдийг байгуулах замаар Монгол орон даяарх суурин газруудаа бүрэн камержуулахаар зорьж байна. Ингэснээр гэмт хэрэг зөрчлийг бууруулна гэж үзэж байна. Камеруудыг нэгдсэн сүлжээнд холбох ажлыг Цахим хөгжлийн яам хариуцан ажиллана. Өмнө нь байрлуулсан камержуулалтын мөнгөний 40 хувь нь үр дүнгүй зарцуулагдсан. Учир нь ихэнх камерууд ажиллахгүй болсон. Урсгал засвар хийдэггүй, ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй зүгээр хаячихсан. Тэгэхээр төв байгуулж камеруудыг хариуцсан газартай болох гэж байна. Мөн камержуулах ажлыг сайн хийснээр гэмт хэрэг мөрдөхтэй холбоотой гарах зардлыг бууруулна" гэлээ.
ВИДЕО: