П.Наранбаяр: Монголд 3.8 сая төгрөгийн цалинтай 1000 багш бий. Багшийн цалинг нэмэхээр үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байна

П.Наранбаяр: Монголд 3.8 сая төгрөгийн цалинтай 1000 багш бий. Багшийн цалинг нэмэхээр үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байна

Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд багшийн хомстолын асуудлаар танилцуулга хийж, тэмдэглэл гаргалаа. Өнөөдөр Монгол улсад багшийн болон ур чадварын хомстолын асуудал хурцаар яригдаж байна. Тиймээс үүнтэй холбоотой зургаан багц асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

  • Нэгдүгээрт, Багш мэргэжлээр төгссөн боловч багшийн ажил эрхлэхгүй байгаа хүн 2012 оны байдлаар 19,998-д  хүрсэн байна. Эдгээр хүмүүсийг урьж ажиллуулах, 
  • Хоёрдугаарт, Тэтгэвэрт гарсан хүмүүсийг бага цагаар ажиллуулах. Үүнийг 2023 оноос хэрэгжүүлж эхлүүлсэн. Нийслэл, орон нутгийн хэмжээнд 44 хүүхдээс дээш дүүргэлттэй 175 бүлэгт багшийн туслахаар ажиллуулж байгаа.
  • Гуравдугаарт, шинжлэх ухааны чиглэлээр тэр дундаа математик, физик, хими, англи хэл, технологийн мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургуулийг 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшлахуйд урьж ажиллуулах, богино хугацаанд сургаж боловсруулах,
  • Дөрөвдүгээрт, багшийн сургалтын цагийн норм нь 7 хоногт 19 цаг байдаг. Энэ цагт хүрэхгүй байгаа зарим багш нарыг хөрвүүлж ижил төстэй хичээл заалгадаг болгох,
  • Тавдугаарт, Багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах,
  • Зургаадугаарт, Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтуудад илүү эрчимтэй хэрэгжүүлэх зэрэг танилцуулгыг хийлээ” гэлээ.

Харин олон нийтийн анхааралд ороод буй 45 хоногт багш бэлтгэх сургалтын талаар тэрбээр “Өнөөдөр багш хүний үндсэн цалин 1.4 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр 100 хэдэн хувийн нэмэгдэл авдаг. Улсын хэмжээнд 3.8 сая төгрөгийн цалинтай 1000 гаруй багш байна. Хөдөө орон нутагт тэр дундаа суманд очиж ажиллавал шууд 40 хувь нэмэгддэг. Улсын дундаж гэвэл 2.4 сая төгрөг байна. Харин сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн багш нар 2.3 сая төгрөгийн дундаж цалин авч байна. Гэхдээ багшийн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Мөн үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байна” гэлээ.