Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, АНЭУ нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь тус улсаас хоёр орны харилцаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж үзэж буйгаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд АНЭУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъянтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоноо тэмдэглэлээ.

Цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Элчин сайд Мухаммад Аль-Нуаими улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлэв.