Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Уулзалтын үеэр хоёр талын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөгөөнд тусгасан нийтлэг зорилтуудын хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж, харилцааг улам баяжуулах боломжийн талаар санал солилцлоо.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулахад хамтын хувь нэмэр оруулахад чиглэсэн “Тэрбум мод”, Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхээ талууд нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ина Марчюлёнитед ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Энэ онд 35 жилийн ой тохиож байна гэж ЕТГ-аас мэдээллээ.