Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байгаа талаар иргэн Х.Бат-Ялалт өнөөдөр /2024.09.18/ мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
МХТН-ын дарга Х.Бат-Ялалт, "Монгол Улсад ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл бол шударга ёс. Ялангуяа төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хариуцлага яригдаж байна. З.Энхболдыг АТГ-т өгч байгаа асуудлыг тодруулбал, 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт З.Энхболд оролцохдоо их хэмжээний мөнгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид өөрийн биеэр аваачиж өгсөн гэж мэдээлсэн. Сонгуулийн үеэр дандаа гэмт хэргийн шинжтэй ноцтой мэдээллүүдийг ярьдаг. Харин хууль хяналтын байгууллагууд үүнийг шалгадаггүй.
Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж нэр дэвшиж байх үед 500 сая төгрөгийг Н.Нямтайшираас авч Ц.Элбэгдоржид өгсөн хүн бол З.Энхболд.
Үүний ард албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэж, цагаан суварга гэх ордыг энэ мөнгөнийнхөө төлөө өгсөн гэж яриад байгаа юм. Гэтэл З.Энхболд гэх хүн энэ мөнгөнийхөө хариуд Улсын их хурлын дарга болсон шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Ерөнхийлөгч, хурлын дарга гэсэн хүмүүс ийм зүйлд холбогдчихоод ямар ч ял шийтгэл хүлээхгүй байгааг эсэргүүцэж, энэ асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлж байна. Мөн АТГ-аар шалгуулах гээд байгаа бас нэг үндэслэл бол эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэх маш хортой хуулийг З.Энхболд батлуулсан. Энэ бол хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хамгаалах хууль. Энэ мэт төрийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжүүдийг өөрөө илчлэн ярьсан байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ" гэлээ.