Цахилгаан, Дулааны үнийг 30 гаруй хувиар нэмэх асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шинэ тарифыг 11 дүгээр сараас мөрдөхөөр төлөвлөж байна

Цахилгаан, Дулааны үнийг 30 гаруй хувиар нэмэх асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шинэ тарифыг 11 дүгээр сараас мөрдөхөөр төлөвлөж байна

Цахилгаан, дулааны үнийг 30 хувиар нэмэх тухай мэдээлэл гарсан. Гэхдээ яг хэзээнээс, ямар үе шаттайгаар нэмэх нь тодорхой бус байгаа юм. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас "Хэдэн хувиар нэмэх нь тодорхой бус байна. Судалгаа хийгдэж байгаа" гэсэн юм. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яамнаас холбогдох судалгааг хийж дуусчээ. Судалгааг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан дэд хороонд хүргүүлсэн бөгөөд намрын чуулганаар хэлэлцүүлж, дэмжвэл 30-аас дээш хувиар нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

УИХ-ын намрын чуулганаар цахилгаан, дулааны үнийг нэмэхийг дэмжвэл, арваннэгдүгээр сараас шинэ тарифыг мөрдөж магадгүй аж.

Энэ талаар Шадар сайд Т.Доржханд энэ оны наймдугаар сарын 21-нд Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийх үеэрээ эрчим хүчний үнийг "Арваннэгдүгээр сарын 1-нээс шинэчилнэ. Ингэхдээ эхний ээлжид алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ" гэж мэдэгдсэн юм. Эрчим хүчний салбар нь алдагдалтай ажиллаад олон жил болж буй бөгөөд эхний ээлжинд цахилгааны үнийг 30 гаруй хувиар нэмж байж алдагдалгүй болно цаашлаад ашигтай ажиллах талаар ярих аж.  

2023 оны гүйцэтгэлээр манай улс 10.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч боловсруулж, 9.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Үүний 77.7 хувийг дотоодоосоо нийлүүлж, 22.3 хувийг гаднаас импортолсон байна. Гаднаас импортолсон эрчим хүчний 60 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ-аас авдаг. Энэ жил Бөөрөлжүүт, Дорнодын цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.