АН-аас нэр дэвшүүлсэн Ц.Эрдэмбилэгийг бүртгэж, "Д.Мөнх-Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэхгүй" гэсэн шийдвэрээ хэвээр үлдээжээ

АН-аас нэр дэвшүүлсэн Ц.Эрдэмбилэгийг бүртгэж, "Д.Мөнх-Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэхгүй" гэсэн шийдвэрээ хэвээр үлдээжээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал /НИТХ/-ын сонгуульд АН-аас нэр дэвшүүлэх 44 хүнийхээ материалыг тус намаас Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байдаг. Харин өнгөрөгч баасан гараг /2024.09.13/-т Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэр гарч, АН-аас нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг нарыг НИТХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. 

Улмаар Нийслэлийн сонгуулийн хорооноос "татварын өртэй" зэрэг шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хүмүүс энэ сарын 16 /2024.09.16/-ны дотор материалаа дахин өгөх боломжтой гэж мэдэгдсэн. Харин иргэн Д.Мөнх-Эрдэнийг "биеэр эдлэх ял нь дуусаагүй гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзсан" гэх утгатай мэдээллийг өгсөн. 

Иймд Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийх үеэр иргэн Д.Мөнх-Эрдэнэ тус шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Харин АН-ын нэр дэвшигч Ц.Эрдэмбилэг "9 мянган төгрөгийн татварын асуудлаас болж бүртгэхээс татгалзсан байна" гэх утга бүхий мэдээллийг өгч байв. 

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Ц.Эрдэмбилэг "татвар өртэй" гэх асуудлаа шийдвэрлэсэн тул түүнийг НИТХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчээр бүртгэж, иргэн "Д.Мөнх-Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэхгүй" гэсэн өмнөх шийдвэрээ Нийслэлийн сонгуулийн хороо хэвээр үлдээжээ.