Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хятадын ГХ-ны сайд Ван И нар Ганцмод-Гашуунсухайтын боомтыг төмөр замаар холбох, Эрдэнэбүрэнгийн станцыг ашиглалтад оруулах зэрэгт тохирчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хятадын ГХ-ны сайд Ван И нар Ганцмод-Гашуунсухайтын боомтыг төмөр замаар холбох, Эрдэнэбүрэнгийн станцыг ашиглалтад оруулах зэрэгт тохирчээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн баасан гарагт /2024.09.13/ Эрээн-Замын-Үүд боомтоор Монголд орж ирж ажилласан бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан байна. 

Уулзалтын талаарх мэдээлийг хоёр тал албан ёсоор мэдээлэхгүй байхаар тохирчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаатай танилцсанаас гадна ачаа эргэлт, нэвтрэлт, төмөр замын гармуудын холболт зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцсон гэх мэдээлэл байна.

Тодруулбал, тус нууц уулзалтаар Хятадын тал Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын ажлыг бүрэн санхүүжүүлж ашиглалтад оруулна мөн өнгөрсөн жил тохирсны дагуу Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж ирэх хавар ашиглалтад оруулна хэмээн тохирчээ. 

Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлын газар чөлөөлөлт, байгаль орчны үнэлгээг хийх зэрэг ажил хийгдэж буй юм. Харин Гашуунсухайт-Ганц модны боомтыг холбоход  нэг талд 10км, нөгөө талд нь 600 метр зай үлдсэн. Энэхүү зөрсөн нэмэлт ажлыг гүйцэтгэхийн тулд 700-800 сая ам.доллар зарцуулах юм.  Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад айлчилж мөн боомтуудын орц, гарцыг эрчимжүүлэх, төмөр замын гарцуудыг холбох зэрэг асуудлаар санал солилцсон юм. Ийнхүү БНХАУ-ын өндөр албан тушаалтнууд дараалан ирж буй нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ирэх арваннэгдүгээр сард манай улсад хийх айлчлалтай холбоотой байж магадгүй талаар албаныхан мэдээлж байгаа юм. Ван И-гийн хувьд 2022 оны 8-р сард манай улсад дээд хэмжээний айлчлал хийсэн билээ.