"Д.Мөнх-Эрдэнийг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан" асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Хотын дарга Х.Нямбаатар нар сошиалд зөрчилдөв

"Д.Мөнх-Эрдэнийг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан" асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Хотын дарга Х.Нямбаатар нар сошиалд зөрчилдөв

НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшүүлсэн лайвчин Д.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн сонгуулийн хорооноос "нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах" шийдвэрийг гаргасан нь багагүй олны олны анхааралд ороод буй. Тухайлбал, өчигдөр /2024.09.13/ Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийх үеэр иргэн Д.Мөнх-Эрдэнэ тус хорооны шийдвэр эсэргүүцсэн. 

Тэгвэл үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Хотын дарга Х.Нямбаатар нар энэхүү асуудлаас болж олон нийтийн сүлжээнд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн facebook хуудастаа, "АН -аас лайвчин Д.Мөнх-Эрдэнийг НИТХ -д нэр дэвшүүлсэн байсныг нэр дэвшилтээс хасах шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо гаргажээ. Дарга нь одоогийн хотын дарга Нямбаатарын ангийн найз Хадбаатар.

Юун ч өсөрхүү юм бэ дээ, Нямбаа минь… Шүүмжилсэн болгонд өс санаад явбал улстөрийн ороо бусгаа замыг туулж яаж барах вэ… Мөнх-Эрдэнэ шүүхээс авсан ялаа биеэр эдэлж барсан. Гэтэл Хотын даргыг шүүмжилсэн гээд сонгох сонгогдох эрхээ хасуулж болохгүй биз дээ. Нэг хүнийг хоёр ялладаггүй. Нямбаа минь чи ч гэсэн нэгэн цагт тэмцэгч явсанаа санамаар даа.... Тэр үед одоогийн санхүүжүүлэгч М.Энхболд чинь өөрийг чинь барьж авч шоронд хийх боломж байж л байсан. Гэхдээ тэгээгүй…Нямбаа минь дээ Нямбаа минь. Чамд нэг муу зан байна. Ханилж явсан нөхдөө өс санаж шоронд барьж хийдэг. Шударга тавын хувь тавилан яав…. Аюурсайхан ял авсан, Батзандан хоригдсон… Лу.Болд танил талтай сүйхээтэй тулдаа амжиж Монголоос гарсан. Сэтгүүлч Өнөрөө дүү чамайг шударга гэж чамайг ардаа байгаа гэж бат итгэж хайр найргүй “тулалдаж” яваад шоронд хадагдав. Монголчууд ханилж явсан нөхрөөс урвахыг үздэггүй юм. Урвалт чинь улам л чанаржаад байгаа харагдах. “Нэг л урвасан бол дахиад чиг урвана. Урвах тусмаа улам зоригжино” гэж Хятадын нэрт цэргийн жанжин гүн ухаантан Цао Цао хэлсэн байдаг. Үнэн болж таарлаа. Дараагийн урвалт чинь хэнээс байх бол…улам л чанаржих байх даа…нийслэл хотын даргад зохихгүй л араншин санагдах юм. Би чамайг хотын дарга хэвээрээ үлдэхийн тулд ийн Маозим үнэртүүлж яваа гэдэгт огтхон ч итгэхгүй байна. Өөр л юм зүүдэлж яваа бий вий дээ… " гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Үүний хариуд Хотын дарга Х.Нямбаатар "Нэг хэсэг завсарлаж мартагдаж байсан Женкоист тархи угаалт эргээд амилж байна уу гэлтэй ямар танил технологи вэ. Монголыг хорлож цөлмөж ханадаггүй аль газраас ирсэн албин чөтгөрүүд вэ та нар. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихав уу? Чиний эзэн шиг хоморголон шоронжуулсан хүн одоогоор Монголд алга. Надад хүн шоронд хийдэг эрх мэдэл байхгүй. Энэ тархи угаалтаа зогсоогоорой. Гишгэсэн мөр чинь худал. Мөнхбаясгалан гэж нэр чинь худал, удам судар чинь хүртэл худал. Би дуугай л байгаа шүү. Насаараа гэмт хэрэг хийж амьдарсан эзнийхээ нүглийг цайруулах гэж, талийгаач О.Дашбалбарыг хүртэл гүтгэж, түүнээс хойш энэ Монголын төлөө цохилох зүрхтэй бүхнийг гүтгэж, харлуулж ирсэн амьдрал чинь худал. Монголыг багахан хорлоорой гэж хэлэх байна" гэсэн байр суурийг илэрхийлжээ.