"Парис-2024" паралимпын таеквондогийн эмэгтэй -53 кг жингийн төрлийн алтан медальт У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн -63 кг-ын төрөлд мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ нар өнөөдөр /2024.09.06/ эх орондоо ирлээ. Тэднийг Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр тэргүүтэй хамт олон аав, ээж, ах дүүс нь угтан авч баяр хүргэв.
Энэ үеэр Г.Болор-Эрдэнэ "Миний хувьд Парисын олимпт 90 хувийн амжилт гаргаж ирлээ. Үлдсэн 10 хувиа 2028 оны Лож Анжелесийн олимпт гаргана. Илүү хичээнэ. Миний хувьд Биеийн тамир спортын үндэсний хорооны Эрдэм шинжилгээний албаны дэргэд хоёр жил бэлтгэл сургуулилт хийсэн. Төлөвшсөн бэлтгэлтэй байсны үр дүн гарч байна гэж бодож байгаа. Эхний тоглолтоос хойш бие сайн тавирч, дотроо төвлөрч, их сайн сэтгэл зүйтэй байсан. Гэхдээ алтан медалийн төлөөх тулаанд харамсалтайгаар хожигдсон. Бүх хүнд маш их баярлалаа. Монголчууддаа их баярлаж байгаа. Та бүхнийхээ итгэл, сэтгэлийн хүндэтгэлийг алдахгүйг хичээнэ" гэлээ.
Харин У.Сүрэнжав "Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандуулсандаа маш их баярлаж байна. Энд хүрэхэд тусалж дэмжсэн гэр бүл, хамт болон багш дасгалжуулагчид гээд бүх хүнд маш их баярлалаа. Монголын таеквондогийн холбоондоо маш их баярлалаа. Таеквондогийн холбооны ерөнхийлөгч Онон маань өөрөө тамирчин хүн учраас биднийг маш ихээр ойлгож, дэмжсэн. Анхны эмэгтэй олимпын аварга болсон гэдгээ сонсоод "Хөөх тийм үү" гэж хэлээд өөрөө маш их бахархсан. Энэ медалийг авах гэж баг хамт олон, багштайгаа өдөр бүр бэлтгэлээ хийсэн. Олимпын үеэр сэтгэл зүй сайн байсан. Алтан медалийн төлөөх тулалдааны өмнө багштайгаа маш сайн ярилцсан. Цаашид таеквондогоороо хичээллэж Лос Анжелесийн олимпт оролцоно. Энэ спортод үнэхээр хайртай учраас өдийг хүртэл явсан. Миний хүсэл мөрөөдлийг минь дэмжсэн аав, ээждаа маш их баярлалаа" гэсэн юм.