Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд Дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах билээ. Түүний айлчлал өнөөдөр эхэлж байна. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу дээрх өдрүүдэд зарим авто замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлаж зохицуулалт хийх учир иргэдийг албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Төрийн тусгай хамгаалалтын газраас сануулжээ.
Таван жилийн өмнө 2019 онд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд Дарга Ван Чишань Монгол Улсад айлчилж байсан юм. Хань Жөн 2023 онд БНХАУ-ын дэд Даргаар сонгогдсон бөгөөд III Чарльзыг ИБУИНХУ-ын хаан ширээнд өргөмжлөх ёслол, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулганд оролцож, 2024 оны 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хамт Орос-Хятадын экспог нээж байв. Хань Жөн 2003-2012 онд Шанхай хотын дарга, 2012-2017 онд тус хотын намын хорооны даргаар ажиллах хугацаанд Шанхай хотын ДНБ 65 тэрбум ам.доллараас 480 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ний үзүүлэлтээрээ Хятадын муж, хотуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Шанхай хотыг Хятадын эдийн засгийн хурдацтай хөгжлийн “Луугийн толгой” гэж нэрлэдэг. Тэрээр 2018-2023 онд Төрийн Зөвлөлийн тэргүүн Шадар сайдаар ажиллаж, Хятадын эдийн засгийн бодлого төлөвлөлтийн асуудлыг бүхэлд нь хариуцаж байжээ. Хань Жөн Монгол дахь айлчлалаа өндөрлөөд ОХУ-ын Владивосток хотноо Алс Дорнодын эдийн засгийн чуулганд оролцох ажээ.