Орон нутгийн сонгуулийн дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар Х.Мөнхжаргал, Н.Цэрэнбат, Г.Ёндон нарын нэгийг томилохоор яригдаж байна

Орон нутгийн сонгуулийн дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар Х.Мөнхжаргал, Н.Цэрэнбат, Г.Ёндон нарын нэгийг томилохоор яригдаж байна

Засгийн газар, УИХ-ын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, өнгөрсөн нэг жил  7 сар гаруйн хугацаанд  онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилон ажиллуулсан. Засгийн газраас тогтоосон энэхүү Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн зургаадугаар  сарын 03-ний өдөр /2024.06.03/ хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилсон байдаг. 

-"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н ЗАХИРЛЫН ЗАРЛАГДСАН БАЙСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЦУЦАЛСАН БАЙНА-

Мөн удалгүй "Эрдэнэс Монгол" нэгдлээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлахад материалаа явуулсан хүмүүс олон байснаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Захиргаа, удирдлагын газрын дарга С.Анун, Уул, уурхай технологийн газрын дарга Ч.Алтанбагана зэргийг дурдаж болно. Гэхдээ тус сонгон шалгаруулалт нь одоо тус компанийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Х.Мөнхжаргалд зориулсан сонгон шалгаруулалт байсан гэх шүүмжлэл тухайн үед гарч байлаа.  Өөрөөр хэлбэл, ганцхан обьектод зориулж тендер зарлаад “шалгуурт нийцсэн” гэх үндэслэлээр тус обьектоо сонгон шалгаруулдаг шиг үйл явдал тус компанийн захирлын сонгон шалгаруулалтаар болж магадгүй байсан гэж буй. Учир нь Х.Мөнхжаргал нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн "хүн" байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. Ингэж явсаар тодорхой бус шалтгаанаар дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. 

Харин тун удалгүй буюу орон нутгийн сонгуулийн дараа хэд, хэдэн томилгоог хийхийн нэг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын томилгоо байх аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, одоогийн үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал нь жинхлэгдэхээр ажиллаж, ярьж яваа бол Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн захирал Г.Ёндон эсвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат нарын аль нэгийг томилж магадгүй байгаа аж.

Г.Ёндонгийн хувьд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад танхимд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажилласан. Дараа нь Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдсон байдаг. Тэгэхээр түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл албан тушаалд зүтгүүлж байж мэдэх юм. Харин Н.Цэрэнбат нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д гүйцэтгэх захирал одоо "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Н.Цэрэнбатын хувьд мөн У.Хүрэлсүхийн танхимд сайдаар ажиллаж байсан. "Эрдэнэс Тавантолгой" бол стратегийн чухал орд. Энд менежмент хэрэгжүүлдэг компанийг туршлагатай хүн удирдах ёстой. Өнгөрсөнд гарсан нүүрсний хулгай, завхралыг дахин гаргахгүй байх, эхний 9 Сарын байдлаар 1.5 их наядын орлого олсон амжилтыг бууруулахгүй байх, дахин шинэ үйлчилгээ менежмент хэрэгжүүлж ажиллах зэрэг өндөр хүлээлтийг олон нийт шинэ захирлаас хүлээх нь мэдээж.