Цахилгаан скүүтер, суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ.
Энэ үеэр ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат " 2022 онд сурронтой холбоотой 17 осол гарсан. 2023 онд 70 осол гарсны 28 нь скүүтер, 42 нь сурронтой холбоотой байсан. Харин 2024 оны долдугаар сарын байдлаар өмнөх оноос хэт өсч 117 осол гарсан байна. Үүний 29 нь скүүтер, 90 нь сурронтой холбоотой осол бүртгэгдсэн. Ер нь унадаг дугуй, скүүтер, сурронтой холбоотой нийт 241 осол бүртгэгджээ. Үүний 229 буюу 95 хувь нь нийслэл Улаанбаатарт бүртгэгдэж 120 орчим хүн гэмтсэн гэх тоон мэдээлэл байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд суррон, скүүтерээс үүдэлтэй осол гэмтэлд өртөн хандах хүмүүсийн тоо өсч байна. Осолд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь 18 нас хүрээгүй тус төрлийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүүхдүүд байдаг. Энэ мэт тулгамдаж буй асуудалтай холбогдуулан зайлшгүй хийх зохицуулалтууд бий. Тухайлбал, скүүтер, цахилгаан дугуй унахад ашигладаг апплейкшнийг насны хязгаарлалттай хэрэглэдэг болгох, явган хүний замаар явсан тохиолдолд хөдөлгөөн нь автоматаар зогсож хязгаарлагддаг болох, 2, 3 дугаар эгнээ болон бусад тээврийн хэрэгсэлтэй давхцаж сүлжиж явахгүй болгох зэргийг апплейкшнээр зохицуулдаг болохсаналыг Тээврийн цагдаагийн албанаас холбогдох албаныханд хүргүүлж байна. Суррон, скүүтерийн тоог тодорхой гаргаж чадаагүй. Тиймээс бүртгэлжүүлэх зайлшгүй шаардлага бий. Манай улсын хувьд скүүтер явах зам, замын боломжгүй. Замын хөдөлгөөний дүрмээр скүүтер нь мопедийн төрлийн, суррон нь мотоциклийн төрлийн тээврийн хэрэгсэлд хамаардаг. Тэгэхээр мопедийн төрөлд орох тээврийн хэрэгслийг 16 нас хүрсэн, хамгаалах малгайтай хүн унана. Тэд явган хүний замаар 2,3 эгнээнд сүлжиж унах зэрэг нь бүгд хориотой" гэлээ.