"Үндэсний эвсэл"-ийн нийслэлийн сонгуулийн штабыг П.Баярхүү удирдахаар болжээ

"Үндэсний эвсэл"-ийн нийслэлийн сонгуулийн штабыг П.Баярхүү удирдахаар болжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 2-ноор дуусгавар болж намууд нэр дэвшигчдээ тодруулсан. 

Энэ удаагийн нийслэлийн сонгуульд МАН-ыг Хотын дарга Х.Нямбаатар, Ардчилсан намыг Т.Батцогт, ХҮН намыг Э.Золзаяа нар удирдаж оролцох нь тодорхой болсон. Тэгвэл эдгээрээс гадна Үндэсний эвслийг П.Баярхүү удирдаж орохоор болжээ. 

П.Баярхүү нь 2024 оны УИХ-ын сонгуульд Үндэсний эвслээс Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч СЕХ-оос нэр дэвшигчийг нь үнэмлэхийг өгөхгүй байсаар долоо хоногийн дараа сурталчилгаагаа эхлүүлж байсан юм. СЕХ-оос тэднийг “Үндэсний эвсэл”-ийн гишүүн П.Баярхүү, Д.Ганболд нарыг МАН-ын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байсан юм. Харин шүүхийн шийдвэр гарч  тэднийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаснаар сурталчилгаагаа эхлүүлсэн байдаг.

Ташрамд дурдахад,  нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгийг өгнө. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан бол тухайн шатны сонгуулийн хороо 9 дүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхлэх юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.