В.Путины айлчлалын үеэр “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барихтай холбогдуулан "санамж бичиг" байгуулж, хоёр талын ажлын хэсгийг С.Одонтуяа ахлахаар болжээ

В.Путины айлчлалын үеэр “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барихтай холбогдуулан "санамж бичиг" байгуулж, хоёр талын ажлын хэсгийг С.Одонтуяа ахлахаар болжээ

Манай улс “Эгийн гол”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах асуудлыг олон жил ярьж буй. Мөн НҮБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга А.Гутерреш манай улсад 2022 онд айлчлах үеэрээ, “Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар ЮНЕСКО-д улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины манай улсад хийх айлчлалын үеэр “Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэх санамж бичиг” байгуулахаар болсон байна.

Тодруулбал,  Сэлэнгэ мөрний ай савд “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг байгуулахтай холбогдуулан хамтарсан байгаль орчны үнэлгээг хийх шаардлагатай байгаа тул хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэх "санамж бичиг"-ийг В.Путины айлчлалын үеэр байгуулахаар болжээ. 

Учир нь хоёр тал дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтүүдийг анхаарч хамтран ажиллахаар тохиролцоод байгаа ажээ. Энэ хүрээнд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэй тул усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох төслийн олон жилийн яриа хэлэлцээг хэрэгжилт рүү эрчимжүүлэхэд анхаарах ажээ.

Талууд энэ удаагийн санамж бичгийг хэрэгжүүлэхдээ “замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөөг тохиролцон ажиллах”-аар болсон талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. 

Мөн Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах “санамж бичиг”-ийн хүрээнд Монгол, Орос хоёр тал “Эгийн голын ажлын хэсэг” байгуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тус ажлын хэсгийг ахлахаар болсон гэх мэдээлэл байна.