УИХ-ын Тамгын газрын ХМОНХГ-ыг "Оюутолгой"-д ажиллаж байсан Э.Лхагва, МАН-ын хэвлэлийн газрын Э.Болортуяа, Ч.Номин сайдын зөвлөх Ж.Эрдэнэбаяр нар удирдана

УИХ-ын Тамгын газрын ХМОНХГ-ыг "Оюутолгой"-д ажиллаж байсан Э.Лхагва, МАН-ын хэвлэлийн газрын Э.Болортуяа, Ч.Номин сайдын зөвлөх Ж.Эрдэнэбаяр нар удирдана

2024 оны сонгуулийн үр дүнгээр Монгол Улс анх удаа 126 УИХ-ын гишүүнтэй болж, УИХ-ын даргаараа Д.Амарбаясгаланг томилсон. Д.Амарбаясгалан нь УИХ-ын даргаар ажиллаж эхлээд хоёр сар орчмын хугацаа өнгөрсөн бөгөөд одоог хүртэл бүтцээ баталж амжаагүй байна.

-ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗРЫГ ГУРАВ САЛГАЖ ТУС, ТУСАД НЬ ХҮНД ХАРИУЦУУЛНА-

Өөрөөр хэлбэл, УИХ-ын тамгын газар гэх том институт түүний шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулах бөгөөд энд өөртэй нь хамтарч ажиллах гол дарга нараа томилж амжаагүй байна. эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын дарга нь зөвлөхүүдээ л дөнгөж томилж эхэлсэн бөгөөд түүнд зөвлөх хүмүүсийн олонх нь хуульч мэргэжилтэй аж. 

Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь бүтэц, орон тоондоо ихээхэн өөрчлөлт оруулахын нэг жишээ нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар. Уг газрыг өмнө нь нэг л хүн удирддаг байсан бол одоо үйл ажиллагааны хувьд гурав салгаж, тус, тусад нь өөр, өөр хүнд хариуцуулах нь. Тухайлбал, тус газрын даргаар Монгол HD телевизийн ерөнхий редактор, Нүүдэл Шийдэл хэлэлцүүлэг нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажиллаж байсан Э.Лхагвыг томилох аж. Э.Лхагвын хувьд УИХ-ын Тамгын газрын дэд дарга гэсэн статусаар ажиллах нь. Ингээд түүний удирдлага дор ажиллах Хэвлэл мэдээллийн газрыг  МАН-ын хэвлэлийн албанд сэтгүүлчээр ажиллаж байсан Э.Болортуяа даргалж ажиллах аж. Үүрэг хариуцлагын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчтэйгээ хамтран ажиллаж мэдээллийг түгээх, үйл ажиллагааг хэвийн байлгах. Харин Олон нийттэй харилцах хэлтсийг "Шарк Танк" нэвтрүүлгийн хөтлөгч, Соёлын сайдын Ч.Номингийн зөвлөх Ж.Эрдэнэбаяр томилогдохоор яригдаж байна. Ж.Эрдэнэбаярын хувьд илүү олон нийттэй харилцах тийш чиглэсэн контент мэдээ, мэдээллийг түгээх ажлыг хариуцна гэх мэдээлэл байна. Тус, тусдаа нэгжтэй гэж бодоход нөсөр бүтэцтэйгээр Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар нь ажиллаж магадгүй байна. 

-Э.ЛХАГВА НЬ "ОЮУТОЛГОЙ" КОМПАНИД, Э.БОЛОРТУЯА НЬ МАН-ЫН ХЭВЛЭЛД, Ж.ЭРДЭНЭБАЯР НЬ Ч.НОМИН САЙДЫН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙВ-

Э.Лхагва нь бизнесийн удирдлага, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Олон улсын Ротаригийн тэтгэлгээр Хонгконгийн их сургуулийн сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан олон нийтийн харилцааны мэргэжилтэн юм. Тэрээр "Монгол ТВ" телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер, Хасбанкинд олон нийтийн харилцааны мэргэжилтэн, Сангийн яаманд дэд сайдын туслах, "Оюу толгой" компанийн гадаад, дотоод хамтын ажиллагаа, харилцааны багуудыг удирдан чиглүүлж ирсэн туршлагатай аж. Харин Э.Болортуяа сэтгүүлч мэргэжилтэй, TV9 телевиз зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагад ажилласан туршлагатай бөгөөд сүүлийн 8 жилд МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Түүний хувьд Д.Амарбаясгаланг нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байхаас хамтран ажилласан нэгэн. Харин Ж.Эрдэнэбаяр нь  "Их Засаг их сургууль”-ийн Хууль зүйн сургууль-д боловсрол эзэмшсэн бөгөөд Англи, Хятад хэлний ахисан түвшний , Япон хэлний анхан шатны мэдлэгтэй. “ОУХНТ” бүлгийн удирдагч, “MCdonald's Australia” компанийн бүсийн менежер, “Tirezone” XXK-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос “Ори медиа” ХХК-д дэд захирлаар ажиллаж байна. Сануулахад, өнгөрсөн тавдугаар сард түүнийг олон нийтийн газарт танхайрч хүнийг хэл, амаар доромжилсон айлган сүрдүүлсэн хэмээн цагдаагийн газарт шалгасан байдаг. 

Тэдний ажиллах УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар нь УИХ-ын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, УИХ, Тамгын газрын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, иргэд, олон нийтийн санал бодлыг хууль тогтоох үйл ажиллагаанд тусгах, хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд парламентын боловсрол олгох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг эрхлэн гаргах чиг үүргийг эрхлэн гүйцэтгэдэг байна. 




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө