Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан билээ. Энэ үеэр Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн болон засаглал гэсэн үндсэн дөрвөн бодлогыг хэрэгжүүлэхэд бүхэлд нь чиглүүлж, энэ хүрээнд эдийн засгийн бодлогод туссан газрын тос боловсруулах үйлдвэр, үндэсний хиймэл дагуул төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төслүүдийн санхүүжилтийг тусгав.
Харин үйл ажиллагааны хөтөлбөрийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шинээр тусгасан бүтээн байгуулалт, дэд бүтцийн 38 төслийг бүрэн чиглүүлж төлөвлөжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд нийт 12.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 640 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төлөвлөсөн нь өмнөх онуудынхаас хамгийн өндөр төсвийн хөрөнгө оруулалт болж байгаа буюу ДНБ-ий 4.5 орчим хувьтай тэнцэхээр байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 57.1 хувь нь орон нутгийн бүсүүд буюу Хангай, Төв, Говь, Хойд, Баруун, Зүүн бүсэд, 25.0 хувь нь Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд байна.
Тухайлбал Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннель”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж төслүүдийн санхүүжилтийг Засгийн газрын баталгаа гаргах зэргээр цаашид үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр боллоо.