УИХ-аар энэ өдрүүдэд Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг хэлэлцэж байна. Isee.mn мэдээллийн сайт өнгөрсөн удаад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зэрэг Засгийн газрын 22 тусгай сангийн 20-ийнх нь санхүүгийн тайлангаас илэрсэн 256,7 тэрбум төгрөгийн зөрчлийн талаарх мэдээллийг хүргэсэн.
-ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН НЬ АНОД, КАПИТАЛ БАНКНААС 4 ОРЧИМ ТЭРБУМЫГ, ОЁДЛЫН ХОЛБООНООС 13 ТЭРБУМЫГ АВЧ ЧАДААГҮЙ БАЙНА-
Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн зээлээр өндөр хөгжилтэй оронд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцсан нийт 462 суралцагчийн 43.1 тэрбум төгрөгийн зээлийн, 159 суралцагчийн 10 тэрбум төгрөгийн хуугийн авлагын, дэлхийн шилдэг их сургуульд суралцсан 164 харилцагчийн 66.8 тэрбум төгрөгийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, найдваргүй болсон нь шалгалтаар илэрсэн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ямар зөрчил илэрч, аудитын тайланд дурдагдсан талаар мэдээлж байна.
Энэ сангаас Анод банкны дамжуулан зээлдүүлэх гэрээний 0.8 тэрбум төгрөг, Капитал банкны 3.9 тэрбум төгрөг, Оёдлын нэгдсэн холбооны 13.4 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах асуудлыг шийдвэрлээгүй.
Мөн харьяа 14 байгууллага 5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлагын үлдэгдэлтэй, өмнөх аудитаар өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, 20,8 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй нь илэрсэн байгаа юм. Цаашлаад иргэдэд хүүгүй олгох 1.0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг
Энт Кредит ББСБ-тай байгуулсан гэрээний дагуу Финтек аппликейшны зээл ашиглан цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хүүгийн зардалд 0.04 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан, сангийн санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэрээс 2014-2022 онд төв, орон нутагт 3 жилийн хугацаатай, хүүгүй олгосон зээлийн эргэн төлөлтөөс 6538 зээлдэгчтэй холбоотой, 15.5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлтэй, гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй байхад зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэсэн зэрэг зөрчил илэрсэн байгаа юм.
-САНГИЙН НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙГ ИРГЭДЭД ЗЭЭЛ ХЭЛБЭРЭЭР ХҮҮГҮЙ ОЛГОХДОО ЭНТ КРЕДИТ ББСБ-ААР ДАМЖУУЛСАН-
Дээрхээс дүгнэвэл, 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг зээл хэлбэрээр иргэдэд хүүгүй олгохдоо Энт Кредит ББСБ-тай гэрээ байгуулж, Финтек аппликейшнаар өгсөн нь үр ашиггүй болжээ. Тэгвэл Энт Кредит ББСБ-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх санааг хэн хэрэгжүүлэв. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа /хөтөлбөр/-г 2023 оны хоёрдугаар сарын гуравны өдрийн 01 дугаартай тогтоолоор баталж байжээ. Тус тогтоолд "Ажлын байр бий болгох, хадгалах, бичил болон харааны бизнесийг эхлүүлэх эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх болон хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно" гэдгийг тусгажээ. Ингэхдээ "Сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуй бичил бизнес үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 30 ба түүнээс дээш насны мэргэжлийн боловсролын байгууллагын төгсөгчид 5-10 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 хүртэл сарын хугацаатай олгоно. Хэрэв иргэн санхүүгийн дэмжлэгийг 5 сая төгрөгөөс бага хэмжээгээр авах бол хүсэлтээ бичгээр гаргана гэж заасан байна. Мөн "Санхүүгийн дэмжлэгийг зайнаас түргэн шуурхай олгох хүрээнд нэг хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй богино хугацааны эргэлтийн хөрөнгийн дэмжлэгийг туршилтын байдлаар финтек технологи ашиглан иргэн аж ахуйн эрхлэгчдэд олгоно" гэдгийг хавсралтаар баталжээ. Ингээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уг финтек зээлийг “Энт Кредит” гэх ББСБ-аар дамжуулан олгосон байна.
-Т.АЮУРСАЙХАНЫГ САЙДААР АЖИЛЛАЖ БАЙХАД ҮЕД ТУС БАНК БУСТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ-
Нийт 3.5 тэрбум төгрөгийн төсөвтэй уг зээлийг ямар шалгуураар ийнхүү банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан олгохоор болов гэдэг нь анхаарал татаж байгаа ч энэ талаарх мэдээлэл байхгүй байгаа юм. Үүнээс үзэхэд Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нь тухайн албыг хашиж байхдаа хувийн хэвшлийн банк бус санхүүгийн байгууллагад давуу байдал олгож, зээлийн нэг удаагийн шимтгэлийг зээлдэгч хариуцах, 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг зээлийг олгуулах шийдвэр гаргасан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
"Энт кредит" ББСБ нь С.Энхбаяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд "Анумаргад эрдэнэ" гэх ББСБ-тай нэгдэн үйл ажиллагаа явуулдаг байна. Ямартай ч “Энт Кредит Инвестмент” ББСБ нь Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт туршилтаар зээл олгож байгаа талаарх сурталчилгаагаа хийж эхэлжээ. Тэгвэл тус банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан ажил нь бүтэлгүйтсэн нь аудитын дүгнэлтээр ийнхүү тодорхой болжээ.