МАН-ын бүлгийн хурлаасаа өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголыг эсэргүүцээд буй Г.Тэмүүлэн нарын гишүүдтэйгээ ойлголцжээ

МАН-ын бүлгийн хурлаасаа өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголыг эсэргүүцээд буй Г.Тэмүүлэн нарын гишүүдтэйгээ ойлголцжээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2024 оны төсвийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хууль, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Өнгөрсөн даваа гарагийн /2024.08.26/ МАН-ын бүлгийн хуралдааны үеэр тус намын гишүүд 2024 оны төсвийн төслийн өөрчлөлтийг дагуулж оруулж ирсэн Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хууль санаачлагч Засгийн газарт буцаах шийдвэрийг гаргасан. Учир нь тус хуулиудыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, Ч.Лодойсамбуу нар эрс эсэргүүцэж "Хэрвээ тус хуулиудыг батлавал хуулийн өөрчлөлтүүдийн хүрээнд төсөв хэт тэлнэ, өрийн дарамт үүснэ. Ингэхээр төлбөрийн тэнцэл дээр хүндрэл үүсэж, залгуулаад төгрөгийн ханш суларч инфляц өсөх магадлалтай. Монгол Улсын төсөв дээр жил бүр тавигддаг өрийн төлбөр буюу зээлийн хүүгийн төлбөр нь 400 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөг байдаг. Тэгвэл ирэх гурван жил Монгол Улсын өр даруй хоёр дахин нэмэгдэх сөрөг үр дагавар гарна. Зээлийн хүүгийн төлбөр 2-3 дахин нэмэгдэх эрсдэлтэй. 40 тэрбум долларын төсөл, хөтөлбөрийг нээлттэй тендергүйгээр, УИХ-ын хяналтаас гадуур шийдвэрлэх гэж байна" зэргээр шүүмжилсэн. Мөн УИХ-ын Тамгын газраас  "тус хуулиуд нь холбогдох хуулиудтай зөрчилдөж байна" гэх хууль зүйн дүгнэлтийг албан ёсоор гаргасан байдаг. 

Энэ мэт эсэргүүцэлтэй тулсан учраас Засгийн газраас дээрх  хуулиа эргүүлэн татсан юм. Засгийн газраас тус хуулиудыг сайжруулаад намрын чуулганаар дахин хэлэлцүүлэхээр өргөн барих юм байна. МАН-ын бүлгийн хурлаас өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эсэргүүцээд буй Г.Тэмүүлэн нарын гишүүдтэйгээ уулзан, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас бусдыг Засгийн газар эргүүлэн татах ойлголцолд хүрсэн гэх мэдээлэл ч бий. Тийм учраас бүлгийн хурал дээрээ асуудалгүй ойлголцож Засгийн газар хуулиа татаж авахаар болсон аж.