БАРИМТ: Л.Цэдэвсүрэн нь ТАЗ-ийн урсгал зардлыг өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдүүлж 19 тэрбумаар батлуулахаар 2025 оны төсвийн төсөөлөлд суулгуулжээ

БАРИМТ: Л.Цэдэвсүрэн нь ТАЗ-ийн урсгал зардлыг өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдүүлж 19 тэрбумаар батлуулахаар 2025 оны төсвийн төсөөлөлд суулгуулжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Ерөнхий сайдын зөвлөх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж ирсэн Л.Цэдэвсүрэнг өнгөрсөн нэгдүгээр сард /2024.01.28/ Төрийн албаны зөвлөлийн даргаар томилсон. 

Төрийн албаны зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж, Нэгд, төрийн жинхэнэ албаны ерөнхий ба тусгай шалгалтыг зохион байгуулах, Хоёрт, хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх, Гуравт, маргаан хянан шийдвэрлэх, Дөрөвт, сургалт, судалгаа зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн санг эрхлэх, Тавд, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх хүрээнд ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Тус байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг  ЭНД дарж дэлгэрэнгүйгээр  уншина уу.  Монгол Улсын төрийн албыг хуулийн дагуу, өндөр чадамжтай ажиллуулах, алба хаагчдийг ажил, албан тушаалд сонгон шалгаруулах, тэдэнд шаардлага тавьдаг нэн чухал энэ байгууллага нь сүүлийн үед үүрээ эвдүүлсэн шоргоолжны омог шиг бужигналдаж, ажилтнууд нь ажлаа орхиж явах уу гэдэг сонголт хийх хүртэл хүнд нөхцөл байдалд орсон гэх мэдээлэл байна. Энэ бүхэн нь Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлд даргаар ирснээс үүдэлтэй байж болзошгүй аж. Эх сурвалжийн мэдээлснээР Л.Цэдэвсүрэн нь Төрийн албаны зөвлөлд ирэхдээ төрийн албаны шалгалтад тэнцээгүй байх магадлалтай найман хүнийг "өөрийн багийнхан" хэмээн авчирч улмаар өмнө нь тус байгууллагад олон жил ажилласан ажилтнуудыг "шахах", "дарамтлах" зэрэг үйлдэл үзүүлж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн цувралаар хүргэх болно. Харин энэ удаа Л.Цэдэвсүрэн нь 2025 оны төсвийн төсөөлөл, төсөлд санал өгөхдөө Төрийн албаны зөвлөлийн урсгал зардлыг өмнөх оныхоос 13 тэрбумаар нэмэгдүүлж, нийт 19 тэрбум төгрөг болгосон тухай баримтыг хүргэж байна. Сануулахад, Төрийн албаны зөвлөл нь урсгал зардлын төсвөө 2023 онд 3.8 тэрбумаар батлуулж байсан байна. Энэ зардлаа 2024 оны төсвийн төсөлд нэг дахин буюу 6.1 тэрбум болгон нэмэгдүүлж батлуулж байжээ.

Гэтэл энэ жил огцом хоёр дахин нэмэгдүүлж нийт 19 тэрбум болгон 2025 оны төсвийн төсөөлөлд суулгажээ.

Тун удахгүй буюу аравдугаар сард УИХ-ын намрын ээлжит чуулганаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, батлах юм. Энэ нь урсгал зардлыг огцом нэмэгдүүлсэн шалтгаанаар Л.Цэдэвсүрэн нь тайлбарлах үүрэгтэй. Учир нь энэ бол татвар төлөгчдийн мөнгө. 2022 онд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар баталж, 2024 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Уг хуулиар төр зардлаа хэмнэх, татвар төлөгчдийн хөрөнгөд хайр гамтай байх үүрэгтэй. Мөн төсвийн хөрөнгийг хэмнэх талаар Сангийн сайдын холбогдох тушаалууд ч бий. Энэ бүхнээс үзэхэд урсгал зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн шалтгаанаа Төрийн албаны зөвлөлөөс заавал тайлбарлах ёстой юм.