Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг өнөөдрийн (2024.08.26) чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хийлээ.
Анхдугаар хурлаар Улсын Их Хурлын гишүүдийг Монголын парламентын бүлгэмийн гишүүдээр батлан, бүлгэмийг шинэчлэн байгуулсан тогтоолыг гаргах, Бүлгэмийн дүрмийг батлах, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг сонгох болон Гүйцэтгэх хороог байгуулж тогтоол гаргах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Олон Улсын Парламентын Холбооны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэн ажиллах зорилго бүхий тус бүлгэм нь гишүүдийн сайн дурын, олон нийтийн байгууллага бөгөөд 126 гишүүнтэй уялдуулан шинэчилсэн парламентын бүлгэмийн дүрмийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа. Уг дүрмийн 6.1-д Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хороог 13 гишүүнтэй байхаар, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд болон, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдээс нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлнэ гэж заажээ. Гүйцэтгэх хорооны даргаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Гүйцэтгэх хорооны дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Гүйцэтгэх хорооны гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Э.Болормаа, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, А.Ундраа, Б.Батбаатар нарын гишүүдийг дэвшүүлжээ.
Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна.