"Тендерийн хууль"-ийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан гэж үзэн ЗГ-т буцааж буйгаа МАН-ын бүлэг мэдэгдлээ

"Тендерийн хууль"-ийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан гэж үзэн ЗГ-т буцааж буйгаа МАН-ын бүлэг мэдэгдлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр /2024.08.26/-ийн хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар үг хэллээ.

Тэрбээр, "төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль. Тендерийн хууль гэсэн үг. Уг хууль дээр хуульд нийцээгүй зүйлүүд орж ирсэн байна. Тэр дотроо улсын төсөв батлах онцгой бүрэн эрх УИХ-д бий. Энэ бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл заалт энэ хуульд байгаа учраас эргэн харах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, чадавхид суурилсан хэрэгцээний аргаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтын эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж тусгасан байна. Энэ нь онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй байна.

Үүнээс гадна хуулийн нэр томьёог жигдлэх зайлшгүй шаардлага байна. Нөгөө талаас тодорхой төсөлд зориулж тендерийн хуулийг өөрчлөх биш, уг хуулийг томоохон төсөл хөтөлбөрийг түргэн шуурхай явуулах боломжийг нь бүрдүүлэх асуудлыг хуулийн хүрээнд хууль нийцүүлж, олон улсын журам жишгээр оруулж ирье. Ер нь тендерийн хуульд бүрэн шинэчилсэн найруулга хийх нь зүйтэй байна. Яагаад гэвэл олон нийтийн оролцоотой, ил тод нээлттэй, бүр хиймэл оюун ухаан буюу хүнээс үл хамаарсан байдлаар шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж буцаахыг дэмжсэн" гэсэн юм.