Д.Тогтохсүрэнг "Эрдэнэс Монгол" эсвэл "Монголросцветмет"-ын захирлаар, С.Наранцогтыг ТӨБЗГ-т, Б.Цэнгэл, Х.Хэрлэн нарын нэгийг Эрдэнэт үйлдвэрийн захиралд томилж магадгүй байна

Д.Тогтохсүрэнг "Эрдэнэс Монгол" эсвэл "Монголросцветмет"-ын захирлаар, С.Наранцогтыг ТӨБЗГ-т, Б.Цэнгэл, Х.Хэрлэн нарын нэгийг Эрдэнэт үйлдвэрийн захиралд томилж магадгүй байна

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ УИХ, Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор бүх институдэд шинээр томилгоо хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Эрчимтэй хийгдэж байсан томилгоо төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэхтэй давхцсан учир түр хойшлуулсан гэж буй.

-ИРЭХ САРААС ДЭД САЙДЫН АЛБАН ТУШААЛД "ЭРХЭЛСЭН САЙД" НАРЫГ ТОМИЛНО-

Тухайлбал, төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар батлачихвал дэд сайд нарын ажиллаж байсан албан тушаалд "эрхэлсэн сайд нар"-ыг томилно мөн төрийн өмчит компаниуд, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Монгол ХХК, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн байгууллагуудын удирдлагын томилгоог хийнэ гэх мэдээлэл байгаа юм. Өмнөх мэдээллийг ЭНД дарж унших. "Эрхэлсэн сайд" нарыг УИХ-ын гишүүдээс томилох яриа бодитоор гарсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулна хэмээн болгоомжилж гаднаас томилохоор болсон. "Эрхэлсэн сайд" нь үүрэг хариуцлагын хувьд дэд сайдын хийж ирсэн ажлыг хийнэ. Уг нь Засгийн газарт хамтарсан намын удирдлагууд дэд сайдгүй ажиллах ойлголцолд хүрсэн ч ажил, албан тушаалгүй олон гишүүдээ ажилтай болгохын тулд үүнээс өөр аргагүй нөхцөл байдалтай тулсан гэж буй.  Одоогоор "эрхэлсэн сайд", төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтээ намдаа өгсөн 250 гаруй хүн АН, МАН-д бий аж. 

"Эрхэлсэн сайд"-аас бусад томилгооны тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэнг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга эсвэл Монголросцветмет ТӨҮГ-ийн гүйцэтгэх захирлаар томилж магадгүй байгаа аж. Харин тус компанийн захирлаар одоо ажиллаж буй С.Наранцогтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын одоогийн дарга Б.Цэнгэлийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилж магадгүй хувилбар яригдаж байна. 

С.Наранцогтыг 2022 оны арванхоёрдугаар сард "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар томилж байсан юм. Харин Б.Цэнгэлийг 2020 оны долдугаар сард Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын даргаар томилж байжээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн газрын дарга нартаа гологдож ирсэн түүнийг дарга нар нь Эрдэнэт үйлдвэрийн захиралд дэмжихгүй байгаа ч өөрөө зүтгэж байгаа аж. Түүний оронд  Улаанбаатар төмөр зам ХНН-ийн захирал Х.Хэрлэнг Эрдэнэт үйлдвэрийн захиралд томилохыг илүүд үзэж буй бололтой.  Ийнхүү сүүлийн 10 жил төрийн өмчийн томоохон компани, үйлдвэрийн газрын захирлаар тойрч ажиллаж ирсэн хүмүүсийг дахин сэлгэн томилох нь. Д.Тогтохсүрэнгийн хувьд өнгөрсөн найман жилд МАН-ын бүлгийг удирдсан,  өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуульд хангайн бүсэд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм. Түүнийг МАН-аас албан тушаалд томилох нь аль эртнээс яригдаж байсан юм.