УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Засгийн газрын 2024 оны улсын төсвийн төслийг гурван их наядаар тодотгож буй асуудлаар мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Тэрбээр "2024 оны Төсвийн тодотголыг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиудын өөрчлөлтүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан нь төсвийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог сулруулах, улсын төсвийг гадаад өр, зээлийн дарамтанд оруулах, улс орны ирээдүйд сөргөөр нөлөөлөх бодит эрсдлүүдийг учруулахаар байна. Өмнөх парламентын үед төсвийн сахилга бат, хяналт хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх реформыг хоёр жилийн хугацаанд олон эрдэмтэн судлаачидтай хамтарч хийсэн. Гэтэл энэ хууль дөнгөж хэрэгжиж эхлэх гэж байхад илүү муугаар өөрчлөх гэж байна. Бидний эхлүүлсэн төсвийн шинэчлэлтийг хуулийн хулгайгаар нураах гэж байгаа үйлдэл боллоо. Хуулийн хулгайн хор уршиг нь төсвийн хулгай, эргээд эдийн засагт хүндрэл учруулна. Үүнээс онцолж хоёр зүйлийг нь хэлье.
Төсвийн тодотголыг дагасан
- Төсвийн тогтвортой байдлын тухай хууль
- Төсвийн тухай хууль
Бусад Тендерийн тухай хууль гэхчлэн хуулийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсээр байгаа. Би өөрийн мэдэх асуудлын хүрээнд дээрх хоёр хуулийг та бүхэнд мэдээлэл өгч байгаа юм. Энэ хоёр хуулийг өөрчилж болохгүй, хууль санаачлагч буюу Засгийн газарт нь буцаах шаардлагатай гэж үзэн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлт яг ямар сөрөг үр дагавар авчрах талаар та бүхэнд мэдээлэл өгөхөд огт байдаггүй, олон улсад бараг хэрэглэгддэггүй, байдаггүй ТӨСВИЙН СУУРЬ ЗАРЛАГА гэх шинэ ойлголтыг гаргаж ирлээ. Өнөөдрийг хүртэл Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй, үүндээ гадаад зээл, бонд, үнэт цаас, өр зээлийн хүүгийнх нь зардлыг тусгасадаг байсан бол үүнээс цааш хоёр юм шиг төсөвтэй болох нь. Төсвийн суурь зарлага гэдэг нэр томьёогоор зарлагаас үнэт цаас, гадаад бонд, хүүгийн зардлыг хасах гэж байна. Энэ нь улс орныг төсөв санхүүгийн эрсдэлд оруулах, өр зээлийн дарамтад оруулах эрсдэлтэй, хор уршигтай. Зарчмын асуудал учраас би хатуу байр суурьтай байгаа.
Олон нийтийн хяналт болсон төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс, мэргэжлийн судлаачид үүнийг эсэргүүцсэн зөвлөмж гаргасан. Мөн өчигдөр УИХ-ын Тамгын газраас өргөн барьсан хуулиуд нь хууль зүйн зөрчилтэй, нийцэхгүй зүйлс байна гэх асуудлыг гарган тавьсан. УИХ алдаатай шийдвэр гаргаж болохгүй" гэсэн юм.
УИХ ийм алдаатай шийдвэр гаргаж болохгүй. Хоёрдугаарт, Батлагдсан нийт төсвийн суурь зарлага 30.4 их наяд байна. Засгийн газрын өргөн барьсар төслөөро төсвийн зардал жил бүр их дүнгээр өсөхөөр байна. Тодруулбал 2024 онд 3.1 их наяд төгрөгөөр, 2025 онд 3.6 их наяд, 2026 онд 4.9 их наяд төгрөгөөр зардал нэмэгдэхээр байна. Цаашид 11.6 их наядаар нэмэгдэхээр байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу гадаад өр, үнэт цаас, хүүгийн зардал гэхчлэн бүгдийг нэг дор хянадаг бол өөрчлөлтөөр үүнийг байхгүй болгох гэж байна. Цаашлаад өнгөлөн далдлалтаар өөрсдийгөө хуурсан, гадаад өр зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналтгүй болгохоор байгаад нухацтай хандах ёстой. Шинэчлэлийг хийхийн өмнө жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор ирэх оных нь төсвийг өргөн барьдаг байв. Засгийн газар ёстой юм шиг, ёртой юм шиг дандаа аравдугаар сарын 1-нд өгдөг, 4-5 хоног үзсэн болоод хэлэлцүүлэг эхэлж, төсөв батлах процессод хариуцлагагүй хандаж ирсэн. Харин хуулиа шинэчлэхдээ есдүгээр сарын 1-нд өргөх барихаар болгосон байтал Засгийн газар буцаагаад аравдугаар сарын 1-нд өргөн барихаар болгож. Ингэж өөрчлөгдвөл төсвийг хянах, эрх ашгийн эрэмбээр хандсан асуудлыг гаргаж ирж засах залруулах боломжгүй болно" гэв.
Үргэлжлүүлэн "Хуулийн өөрчлөлтүүдийн хүрээнд төсөв хэт тэлнэ, өрийн дарамт үүснэ. Ингэхээр төлбөрийн тэнцэл дээр хүндрэл үүсэж, залгуулаад төгрөгийн ханш суларч инфляц өсөх магадлалтай. Монгол Улсын төсөв дээр жил бүр тавигддаг өрийн төлбөр буюу зээлийн хүүгийн төлбөр нь 400 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөг байдаг. Тэгвэл ирэх гурван жил Монгол Улсын өр даруй хоёр дахин нэмэгдэх сөрөг үр дагавар гарна. Зээлийн хүүгийн төлбөр 2-3 дахин нэмэгдэх эрсдэлтэй. Олон гоё зорилго зорилт дэвшүүлж болно. Эцсийн дүндээ зорилгодоо хүрэхийн тулд төсөв санхүүгийн үндсэн суурь зарчмыг өөрчилж болохгүй, арга хэлбэр, тогтолцоогоо өөрчилж болохгүй. Төсвийн байнгын хороо өчигдөр энэ чухал асуудлаар шөнө 00:00-01:00 цагийн үед хуралдаж байгаа юм. Цаг хугацаагаар шахаж хавчиж байна, мэдэх эрхийг хааж байна. Яаралтай горимоор гээд оруулчхаж байна. Энэ төсвийн зардал дотор ямар ямар өөрчлөлт орсныг мэдэх гишүүд 126-д байхгүй. 126 гишүүнтэй парламентыг байгуулахдаа илүү хяналттай, ардчилсан, нээлттэй болгоё гэсэн. Гэтэл суурь зарчмуудыг нь өөрчилж байна. Өчигдөр 00:00 цагт хуралдсан Төсвийн байнгын хорооны хурал дээр би зарчмын санал гаргасан. УИХ үдээс хойш хэлэлцэнэ. УИХ үүн дээр хариуцлагатай шийдвэр гаргана гэж харж байна. Улсынхаа эдийн засгаар тоглох, хуудуутай хуулийн төслийг УИХ буцаах байх гэж найдаж байгаа" гэв.