УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ УИХ, Засгийн газар байгуулагдаж дагаад бүх институдэд томилгоо хийгдэж байна. Эрчимтэй хийгдэж байсан томилгоо төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэхтэй давхцсан учир түр хойшлуулсан гэж буй. Тухайлбал, төсвийн тодотгол, мөрийн хөтөлбөрийг УИХ-аар батлачихвал дэд сайд нарын ажиллаж байсан албан тушаалд "эрхэлсэн сайд нар"-ыг томилно мөн төрийн өмчид компаниуд, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Монгол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гээд байгууллагуудын удирдлагын томилгоог хийнэ гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.
-Ч.ХҮРЭЛБААТАР НЬ УИХ-ЫН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨН ЯЛАГДСАН ЮМ-
Дээрхээс гадна Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох тухай мэдээлэл байсан ч МАН-аас сонгогдсон УИХ-ын зарим гишүүд дургүйцсэнээр түүний томилгоо түр саатаад буй мэдээлэл байна.
Ч.Хүрэлбаатар нь УИХ-ын 2024 оны сонгуульд баруун бүс буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Тэрбээр сонгуульд нэр дэвшихээсээ өмнө isee.mn сайтад ярилцлага өгөхдөө " Би тойрогтоо нэр дэвшинэ. Анх улс төрд орж байхдаа "Би Увсын ард түмэнг Монголын төрд төлөөлнө. Ямар нэгэн байдлаар тойрог солихгүй, жагсаалтад орохгүй" гэж Увсын ард түмэнд амлаж байсан юм. Төрд төлөөлөх эрхийг Увсын ард түмэн надад өгсөн. Тэд "боль" гэж санал өгвөл би эргэлт, буцалтгүйгээр Монголын улс төрөөс явж МУИС-даа багшилна. Харин МУИС хүлээж авах нь уу, үгүй юу гэдэг асуудал байна. Миний хувьд хамгийн их хууль санаачилсан гишүүдийн нэг. Хууль санаачилснаараа УИХ-даа топ тав дотроо байдаг" хэмээн ярьж байв. Гэтэл удалгүй Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж магадгүй болсон юм. Тэгвэл түүний эл томилгоо түр саатаад буй аж. Монголбанк нь УИХ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг бөгөөд ерөнхийлөгчийг УИХ-аар томилдог хуультай.
-ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЗӨВШИЛЦӨН ТОМИЛДОГ-
Мөн Батлах хамгаалахын сайд асан Г.Сайханбаярыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилж магадгүй мэдээлэл байна. Түүнийг эл албан тушаалд найз, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгож буй тухай мэдээлэл ч байна. Тагнуулын ерөнхий газрын одоогийн дарга П.Одонбаатарыг 2020 оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар томилж байв. Харин Г.Сайханбаярын тухайд УИХ-ын сонгуульд Архангай, Баянхонгор, Өвөрхангайн тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч ухуулагч нь хүний аминд хүрсэн гэх шалтгаанаар МАН-аас нэрийг нь татсан юм. Хуулийн дагуу дараагийн Тагнуулын ерөнхий газрын дараагийн даргыг томилохдоо Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанаар томилно. Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх зохицуулалттай. Мөн Тагнуулын байгууллагын тухай хуулиар шинэ дарга нь 14.6.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол тэдгээрийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 14.1, 15.2-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжлэх зохицуулалттай.