УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай (2024.08.21) танилцлаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт, онцлох ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм.
Тодруулбал, сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарын холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан хууль, эрх зүйн орчинтой холбоотойгоор хорооны чиг үүрэг нэмэгдсэний зэрэгцээ зохицуулалттай салбарын үнэлгээ ДНБ-ийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээнд өргөжин хөгжиж буйг онцлон дурдлаа. Санхүүгийн зохицуулалтын байгууллагуудын тоо тэр дундаа Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд тогтмол өндөр өсөлт үзүүлж буй талаар онцолсон юм.
Тухайлбал системийн нөлөө бүхий банкууд, төрийн өмчит компаниудын хувьчлал амжилттай хэрэгжиж хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөгт хүрэн, 2.2 дахин нэмэгдээд байгаа мөн хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, дотоодын аж ахуйн нэгж компаниудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагчийг татах зорилгоор “Mongolia’s Capital Market Connectivity: Hong Kong”, “Shangai” цуврал арга хэмжээг зохион байгуулах зэргээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад анхааран ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Түүнчлэн ногоон санхүүгийн салбар болон цахим технологид суурилсан санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж энэ хүрээнд нэр бүхий улс орнуудын зохицуулагч байгууллагуудаас сайн туршлагаас суралцахаар хандаад буйг онцолсон.
Энэ үеэр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж болон гишүүдтэй холбогдох асуудлуудын талаар санал солилцож, Монгол Улсын санхүүгийн салбар сүүлийн жилүүдэд өндөр өсөлтийг үзүүлэхэд тус Хорооноос оруулж буй хувь нэмрийг онцлон дурдаад цаашид тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд анхаарч хамтарч ажиллахаа илэрхийллээ.