"Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" эхэллээ. Энэхүү чуулга, уулзалт нь наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ. Уг форумаар үндсэн зургаан сэдвийг хэлэлцэнэ.
- Байгаль орчны үйл ажиллагааг эрчимжүүлж буй эмэгтэй удирдагчид (НҮБ-ын Эмэгтэйчүүд, UNEP)
- Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг (ХХААБ, ОУХМ, ДЭМБ)
- Жендэрийн тэгш эдийн засаг (НҮБХХ)
- Эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад боловсролын ач холбогдол, түүний үр нөлөө (ЮНИСЕФ, НҮБ-ын Хүн амын сан)
- Спорт, урлаг, соёлын жендэрийн тэгш байдал (ЮНЕСКО)
- Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүд (Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, НҮБ-ын ESSCAP)
Хүлээгдэж буй үр дүнд форумын хуралдаанаас гарсан зөвлөмж бүхий үр дүнгийн баримт бичгийг батална. Форумд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайд нар, олон улсын байгууллага, олон улсын ТББ-ын тэргүүн нар, НҮБ-ын сайн санааны элчин сайд нар, бизнес, урлаг, тамирчид зэрэг бүхий л салбарын эмэгтэй удирдагчид оролцоно.
Дэлхийн хаана ч шударга, хүртээмжтэй, энх тайван, амар амгалан нийгмийг бий болгоход эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендэрийн эрх тэгш байдал чухал. Нөгөөтээгүүр энэ нь 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) биелүүлэх гол хэсэг юм.
Монгол Улс уг форумыг түнш орнууд, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд дэлхийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хангах, эрх мэдлийг нэмэгдүүлэхийг уриалж байна. 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан "Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр"-өөс хойш 29 жил болж байгаа ч хэрэгжилт хангалтгүй хэвээр байгаа аж. Жендэрийн статистикийн мэдээгээр эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудын дунд шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.
Жендэрийн тэгш байдалтай дэлхий ертөнцийг бий болгох нь гол зорилго бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд дэлхий нийтээрээ хамтран ажиллах үүрэг, хариуцлагатай юм. Уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэрэг хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал зайлшгүй чухал гэдгийг дэлхий нийт ойлгох шаардлагатай.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм нь арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүйгээр хүн бүрийн эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэж, дэмжих үүрэгтэй. Цаашилбал, Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны дараахан Эмэгтэйчүүдийн эрх зүйн байдлын комиссыг байгуулсан нь НҮБ энэ чиглэлээр манлайлж, анхдагч байсны нэг илрэл юм.
Монгол Улс үндэстний хувьд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, жендэрийн тэгш байдлыг улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн хүрээнд хөхиүлэн дэмжих үүргийг Үндсэн хуульдаа тусгаж ирсэн. Иймд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, жендэрийн тэгш байдал, цаг уурын асуудалд бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх зорилгоор Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газраас санал тавьсны дагуу Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 22-23-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Манай улс уг форумыг түнш орнууд, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй.