Р.Эрдэнэбүрэн: Улаанбаатарыг Хөшигийн хөндий рүү тэлэхийн тулд Богд уулыг нүхэлж хурдны зам, гүүр барина

Р.Эрдэнэбүрэн: Улаанбаатарыг Хөшигийн хөндий рүү тэлэхийн тулд Богд уулыг нүхэлж хурдны зам, гүүр барина

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон 2024 оны төсвийн тодотгол зэргийг хэлэлцэж байна. Төсөвт 3 их наядын тодотгол хийж, түүгээрээ 10 гаруй том төслийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөснөөс зарим нь "20 минутын хот" Үндэсний хороонд харьяалагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотыг утаа, түгжрэлээс салгахын тулд Хөшигийн хөндий рүү тэлэх, тэгэхийн тулд Богд уулыг нүхэлж нүхэн гарц, хурдны зам, гүүр зэргийг барих ажлын зураг төсөл, ТЭЗҮ-г эхлүүлж байна. Энэ бүх ажлыг гадны туршлагатай компаниар урьж хийлгэж магадгүй талаар Засгийн газрын сайд, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн ярилаа. Түүнээс дээрх ажлууд хэзээ эхэлж, дуусах, ямар компаниар хийлгэх, Улаанбаатарыг тэлэх ямар бодлогыг цаашид хэрэгжүүлэх зэргийг нь тодрууллаа. 

ВИДЕО: 

-ИРГЭН ЯВГАНААР АЛХАХАД 20 МИНУТАД БАГТАН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ АВДАГ БОЛГОХООР ЗОРЬЖ ЭНЭ КОНЦЕПЦИЙГ ЭХЛҮҮЛСЭН-

-Чуулганы ээлжит бус хуралдаанаар хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол зэргийг хэлэлцэж байна. Таны хариуцсан "20 минутын хот" Үндэсний хороонд хэдэн төгрөгийн төсөв тодотголоор суугдаж ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ? 

-Манай Үндэсний хороонд зургаан сайд, хотын дарга багтсан. Энэ хороог би ахалж ажиллаж байна. Үндэсний хорооны дарга нь бусад яамд болон Улаанбаатар хотын уялдаа холбоог хангаж ажиллах үүрэгтэй. "20 минутын хот" гэх агуулга нь шинээр манай улсад гарсан юм биш. Олон улсад хэрэгжүүлж ирсэн концепци. Зарим улсад "15 минут" гэж хэрэгжиж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр "иргэн явганаар алхахад 20 минутад багтан хүүхдээ сургуульд хүргэх, эмнэлэг болон төрийн үйлчилгээ авах, соёл, биеийн тамирын үйлчилгээнд хамрагдах" боломжтой байхаар хотын төлөвлөж, өөрчлөх юм. Иргэний тавтай, тухтай амьдрахад зориулж хотыг өөрчилнө гэсэн агуулга. Манай улс ч мөн Улаанбаатар болон бусад том хотуудаа энэ концепцийн дагуу төлөвлөж хөгжүүлье гэсэн улс төрийн шийдвэр гаргасан юм. 

Уг үзэл санаатай холбогдуулан хууль, бодлогын баримт бичиг гаргаж байна. Төлөвлөлтүүдээ уг үзэл санаатай уялдуулж гаргана. "Улаанбаатар 20/40" гээд ерөнхий төлөвлөгөө батлагдах гэж байна. Үүний дараа ч олон ажил хийгдэнэ. Дээрх нөхцөл байдлыг бий болгохын тулд Улаанбаатарыг задалж хөгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал тулгарч байна. Улаанбаатарыг хотыг 500 мянган хүнд зориулж төлөвлөсөн байсан. Гэтэл өнөөдөр 1.6 хүн амтай. Дээрээс энүүхэн 700 га бүхий л хөрөнгө оруулалтаа хийж ирсэн. Тиймээс дэд бүтэцтэй газар руу гаа шавсан байна. Тийм учраас "20 минутын хот концепцийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байгаа. Тэгвэл Улаанбаатарыг яаж задлах вэ. Богд уулаа тойруулаад бусад дагуул хотуудаа бий болгох шаардлага үүсч байгаа юм. Бидэнд хамгийн ойр газар бол Хөшигийн хөндий, Зуун мод. Тийшээ богино хугацаанд иргэд очдог байх ёстой. Тэгэхийн тулд Богд уулыг нүхэлж, туннель гаргах. Зургаан эгнээтэй хурдны зам гаргахаас өөр аргагүй. Энэ бол 1970 оноос хойш яригдсан ажил. Энэ ажлыг хийж чадаад сургууль, төрийн байгууллагуудыг уриалж нүүлгэж чадвал 150-200 мянган айлтай шинэ хотыг Богд уулыг урд байгуулах боломжтой гэж харж байгаа юм. 

-Хамгийн гол ажил энэ үү? 

-Уг туннелийг дагаад гүүр баригдах ёстой. Мөн төрийн байгууллагын нэг цэгийн байрыг Хөшигийн хөндийд барих ёстой юм. Уул нүхэлж туннель барих, том гүүр босгох зэрэг ажлыг өмнө нь монголчууд хийж байгаагүй. Энэ тал дээр туршлагагүй учир дэлхийн хэмжээний туршлагатай мэддэг, чаддаг хүмүүсээс зөвлөгөө авч зураг төсөв, ТЭЗҮ-г хийлгэнэ. Тиймээс зөвхөн энэ ажлуудын төсвийг төсөвт тусгасан. Мөн Туул голын эрэг дагуу хурдны зам барих ажлын зураг төсөв хийгдээд дуусч байна. Цаашлаад тойрог зам барих ажил бий. Нэг зүйлийг хэлэхэд, энэ бүхнийг улсын төсвөөр хийх боломжгүй. Заавал гадны хөрөнгө оруулалт өөр бусад хэлбэрийн санхүүжилтээр хийгдэж таарна. Ажил санхүүжилт, хөрөнгө оруулалт дээрээ тулбал нарийн гаргасан зураг төсөв, ТЭЗҮ байж ярина. Энэ ажлын санхүүжилтийн санхүүг босгох, ярих мэргэжлийн хүмүүс мөн мэргэжлийн түвшинд чиглүүлэх олон улсын зөвлөх үйлчилгээний компаниуд байж, байж хөрөнгө оруулалт татна. Эхний ээлжинд зөвлөгөө, зураг төсөв, ТЭЗҮ хийх хөрөнгө оруулалтыг төсөв тусгаж байна. Туннель, гүүр, тойрог зам, хурдны зам, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний төв барих ажлыг нэгдсэн журмаар нэгдсэн менежментээр зөвлөгөө авна. Энэ ажлуудыг салгаж хийх ямар ч боломжгүй. Бүгдээрээ байж байж цогц ажил болох юм. 

-Уучлаарай. "20 минутын хот" төслийг үлгэр гэж олон нийт хүлээж авч байна. Таны яриад байгаа ажлуудыг ч хийгдэж дуусна гэдэгт эргэлзэж байна. Энэ ажлуудын зураг төсөв, ТЭЗҮ хэзээ хийгдэж дуусах юм. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад ямар ажил нь хийгдээд дууссан байх талаар та амлалт өгөөч? 

-Бүгдээрээ бүтэхгүй гээд суугаад байвал суугаад л байна шүү дээ. 20-30 жил бүтэхгүй гэж суулаа. Бүх зүйл гоё болноо гээд явчихгүй нь ойлгомжтой. Бид зорилго тавьж байгаа. Энэ өвөл гэрээ хэлэлцээр, зураг төсвөө хийж аваад хавар эхлүүлье гээд тодотгол дээр яаран төсвийг суулгаж байгаа юм. 2028 онд энэ ажлаа хэрэгжүүлсэн байна гэж бодож байна. Манай улсад хугацаандаа хэрэгждэг төслүүд ховор байдаг. Мэдээж асуудлууд гарна. Гэхдээ хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа хүмүүс эргэлзээд суугаад байж болохгүй. 

-ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРЛААС ГАДНА УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ЯРЬЖ БАЙНА-

-Зарим гишүүд уг ажилд хувийн хэвшил оролцохгүй зөвхөн төр өөрөө хэрэгжүүлэх юм байна. Төр бүх ажил руу ороод байвал авлигал, хүнд суртал л нэмэгдэж, хяналтгүй мөнгө үрэгдэнэ. Мөн тендер зарлахгүйгээр өчнөөн ажил хийх нь хэмээн шүүмжилж байна ?

-Энэ ажлуудыг хувийн хэвшил л хийнэ шүү. Хамгийн гол нь өмнө нь бидний хийж үзээгүй том гүүр, туннель барих зэрэг ажлыг гаднаас зөвлөгөө авч хийнэ. Тэр ажлыг манай тендерийн хуулийн дагуу ирж өрсөлдөөд хийх дэлхийн томчууд байхгүй. Бид урилга өгч ярилцана шүү дээ. Том төслүүдийн ажлыг Засгийн газрын хурлаар хэлэлцсэний дараа УИХ-аар оруулахаар ярьж байна. Жишээ нь, дэлхий дээр ганцаархнаа туннель барьдаг компани байна. Өндөр технологи, ноу хаутай ажил дээр урилга явуулахаас өөр аргагүй. 

-Улс төрийн хувьд ямар нэгэн саад бэрхшээл байна уу. Х.Нямбаатар даргатай ойлголцож байгаа юу? 

-Ойлголцоно гээд гарын үсэг зурсан шүү дээ. Дангаараа шийдээд хийчихдэг байсан бол сүүлийн найман жилд хийгээд явчих боломжтой л байсан шүү дээ. Чадахгүй байна. Тиймээс хамтарч том төслүүдээ хийх гэж байна. Хоёр нам боловсон хүчнүүдээ нэгтгээд том ажлуудаа хийе л гэж бодсон юм.