Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүйбайх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Эхний шатны бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан И-Монголиа системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн систем/ESIS/-ээр хуваарилалт хийлээ.
Үүнд 103.999 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээж, хариуг энэ сарын 20-21-нд эцэг, эх, асран хамгаалагчдад мессежээр хүргүүллээ. Хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 05-наас эхэлнэ. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээсэлж, 11.768 хүүхдийг сургана. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23.188 хүүхэд гурван ээлжээр хичээллэх судалгаа гарсан. Асуудлыг шийдвэрлэхийн тулд ерөнхий боловсролын 29 сургууль нэмэлтээр сургалтын зориулалттай байр түрээсэлнэ.
Өнөөдрийн байдлаар 22 сургуулийн түрээсийн байрыг судалж, шийдвэрлээд байна. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг цэцэрлэгийн адил И-Монголиа системээр бүртгэж байна. Бүртгэл энэ сарын 12-25-нд үргэлжилнэ. “Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдвэрлэх, богино хугацаанд нөхөх чиглэлээр багш бус мэргэжилтэй их, дээд сургуулийг амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Энэ хугацаанд хөрвөх сургалтаар багш мэргэжил эзэмшиж үндсэн багшаар ажиллах боломжтой болно. Хичээлийн жилийн нэгдүгээр улиралд дадлагажигч багш нарыг цалинтай ажиллуулах, тэтгэвэр тогтоолгосон багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах ажилтнуудад сургалтын цаг олгох зэргээр арга хэмжээ авч байна” гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ. Мөн хичээлийн жилийн нээлтийг багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй уян хатан байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна гэлээ.