Энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар манай оронд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд “Ойн салбарт хамтран ажиллах тухай Ойн газар болон Бүгд Найрамдах Словени Улсын Ойн алба, Ойн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.
Словени Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, урт хугацаанд ойн аж ахуй, ойн тогтвортой менежментийг хөгжүүлэн, цөлжилт, хөрсний доройтол, элэгдэлтэй хамтран тэмцэх боллоо. Байгаль орчинд хамгийн ээлтэй улсын жагсаалтын эхний тавд бичигддэг Словенийн мод тарьж ургуулах, ойжуулах, нөхөн сэргээх туршлагаас суралцах таатай боломж бүрдсэн нь энэ удаагийн айлчлалын бас нэг үр дүн гэж болно.
Үүнээс гадна эмийн анхилуун үнэрт ургамал, гоёл чимэглэлийн ургамал, жимсний мод зэрэг хосолсон агро-ойн аж ахуйн шилдэг технологи, тоног төхөөрөмж оруулж ирэх, ойг эдийн засаг, аялал жуулчлалтай хослуулан зүй зохистой ашиглах суурийг ч тавилаа. Словени 20,271 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Нийт газар нутгийн 60 хувь нь ой модоор хүрээлэгддэг нь Европ тивдээ гуравдугаар байранд (Швед, Финландын дараа) ордог гэсэн үг юм.