2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр "Ирэх хичээлийн жилд 2-5 насны 142 мянга 150 хүүхэд цэцэрлэгт суралцана. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатанд 103,999 хүүхэд цахимаар илгээсэн бөгөөд энэ сарын 19-21-нд эцэг эх, асран хамгаалагч нарынх нь утсанд хариуг нь илгээж байна.
Хоёрдугаар шатны цахим бүртгэл есдүгээр сарын 5-15-нд цахимаар бүртгэнэ. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Энэ жил 11 мянга 768 хүүхдийн хүч чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэр гаргаад байна. Хамран сургах тойргоо тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хувьсах зардлыг нь төрөөс дааж, явуулах зохицуулалт хийсэн.
Нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23 мянга 188 хүүхэд гурван ээлжид орох эрсдэлтэй байгаа. Тиймээс 29 сургуульд нэмэлтээр сургалтын зориулалтаар байр түрээслэхээр ярьж байгаа. Үүнээс 22 сургуулийнх нь байрыг шийдвэрлэсэн бөгөөд 15 мянга 955 хүүхэд суралцах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэл еmlngolig сиитемээр 2024 оны наймдугаар сарын 12-25-нд үргэлжилнэ" гэлээ.
Мөн тэрбээр "Хичээлийн шинэ жилийн баярын өдөр есдүгээр сарын 1 энэ жил ням гарагт тохиож байна. Есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлт болно. Нээлтийг нүсэр бус төсөр байдлаар сурагч, багш, эцэг эхчүүдийн баяр болгон зохион байгуулна. Сургуулиудад хүндрэл учруулж сайдууд болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй. Харин Ерөнхийлөгч хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж, 9-р сарын 1-нд “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр цахим хичээл заана" гэдгийг онцоллоо.