Өнөөдрийн хуралдаанаар тун чухал асуудал буюу эрчим хүчний салбарын реформын талаар хэлэлцсэн байна.
Энэ талаар Шадар сайд Т.Доржханд "Шинэ сэргэлтийн бодлого, яамдын үйл ажиллагааг уялдуулах хүрээнд Дэд хороог байгууллаа. Эрчим хүчний шинэчлэл хийх, мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифыг өөрчлөх зэрэг ажлыг уг Дэд хороо хариуцах бөгөөд Засгийн газрын гишүүдээс гадна улс төрийн намууд, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаас төлөөлөл ч багтах шийдвэр гарлаа.
Бид бодлогоо урт хугацаанд төлөвлөж байна. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай, нийт эдийн засгийн 70-80 хувь нь энэ салбараас санхүүжигддэг. Тэгвэл дараагийн салбар нь эрчим хүч болно. Монгол Улсын эрчим хүчний нөөц асар их. Том газар нутагтай, газар доорх эрчим хүчний нөөц ихтэй, нар салхи буюу "ногоон эрчим хүч"-ний нөөцтэй. Монгол Улс эрчим хүчний экспортлогч улс байж чадна. Бодлогоо урт хугацаанд энэ чиглэлд уялдуулж харж байгаа. Дунд хугацаанд реформыг зоригтой хийнэ. Энэ салбарын төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ, үр ашгийг нь сайжруулна, нээлттэй олон нийтийн компани болгоно, хөрөнгө оруулалтуудыг бий болгоно.